Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос 73 хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүний тоо огцом нэмэгдэж магадгүй гэж эмч нар үзэж байна.
Хоёр дахь дэлбэрэлт нь илүү хүчтэй болж, агаарт улбар шар өнгийн асар том мөөгөн үүл үүсгэжээ.
Эрэг хавийн барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна. Ливаны эрүүл мэндийн яам одоогоор 73 хүн амь үрэгдэж, 3700 хүн шархадсаныг бүртгэжээ.
Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна. Бейрутын оршин суугчид дэлбэрэлтийг “атомын бөмбөг”-тэй зүйрлэн ярьжээ. “Атомын бөмбөг дэлбэрвэл ийм зүйл болох байх. Би амьдралдаа их юм үзсэн, гэхдээ ийм зүйлийг харж байсангүй. Бүр 1975-1990 оны иргэний дайны үеэр ч ийм дэлбэрэлт болж байгаагүй. Эрэг хавийн бүх байшин сүйрлээ” гэж Бейрутын уугуул 70 гаран настай Макрухи Ерганьян ярьсан байна.
Дэлбэрэлт болсны улмаас Ливаны Катаиб намын ерөнхий нарийн бичгийн дарга Низар Нажарян амь үрэгдэж, Ливаны Ерөнхий сайд Хасан Диабын гэргий болон охин нь шархаджээ. Түүнчлэн Казахстанаас Бейрут хотод суугаа элчин сайд, Ливан дахь НҮБ-ын түр хүчний командлалын хэд хэдэн ажилтан, Бельгийн Элчин сайдын яамны ажилтнууд шархадсан байна.
Дэлбэрэлт хотын орон сууцны хорооллуудыг доргиож, боомтоос холгүй байрладаг хэд хэдэн байгууламжийн гадна фасад нуран унаж, байшин барилга, ажлын байрнууд сүйджээ. Хэд хэдэн элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт материалын хохирол учирсан байна.