“МИАТ” ТӨХК 2019 онд түүхэндээ хамгийн их олон улсын чиглэлд хуваарьт тогтмол нислэг үйлдлээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэлээ. Энэ онд МИАТ компани түүхэндээ хамгийн олон олон улсын чиглэлд хуваарьт тогтмол нислэг үйлдлээ.
“МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон Захирлын Зөвлөлийн шийдвэрийн дагуу “Air Lease Corporation” компаниас 2021 онд үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах “Боинг 787-9” маягийн агаарын хөлгийн гэрээ байгууллаа.
Хэрэглэгчид хэзээ ч, хаана ч нислэгийн суудал захиалга хийх, тийз худалдан авах, цагийн хуваарь харах зэрэг олон үйлчилгээг авах боломжтой МИАТ аппликэйшнийг зах зээлд нэвтрүүллээ.
БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд шууд нислэгээ амжилттай эхлүүлж, Японы Осака хотын нислэгээ дахин сэргээлээ.
Монгол Улс Гуанжоу хот уруу шууд нислэгтэй болсноор БНХАУ-ын өмнөд хэсэгтэй аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдлээ. Түүнчлэн Осака хотын нислэгээ дахин сэргээсэнээр хоёр хотын иргэд хялбар зорчихоос гадна хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа улам бүр өргөжих боломжтой болсон.
“МИАТ Экскурс” аяллын хөтөлбөртэй боллоо. МИАТ компани төрийн далбаагаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн соёл, үнэт зүйл, үйл ажиллагаагаагаа олон нийтэд нээлттэй байлгах, хүүхэд залуучуудад аялал жуулчлал, аэродинамикийн ойлголт өгөх зорилгоор “МИАТ Экскурс” аяллын хөтөлбөрийг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж эхлээд байна. Тус хөтөлбөрт 2019 онд нийт 868 гаруй зочин оролцон компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тусгай үйлчилгээний Гэрэгэ картыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Зорчигч үйлчлүүлэгчдийнхээ аяллыг илүү тав тухтай байлгах зорилгоор тусгай үйлчилгээний Гэрэгэ картыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээ. Тус карт нь зорчигчдод МИАТ лаунжаар үйлчлүүлэх, тээшний тусгай үйлчилгээ авах гэх мэт олон боломжийг олгох болно.
·
“IOSA” болон “ISAGO” олон улсын аудит шалгалтуудад амжилттай хамрагдлаа. Олон улсын агаарын тээврийн холбооны “IOSA” болон “ISAGO” аюулгүй ажиллагааны дахин гэрчилгээжих аудит шалгалтуудад тус тус өндөр амжилт үзүүлэн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлаараа олон улсын жишигт хүрсэн гэдгээ дахин баталгаажууллаа.
ТОП 100 компанийн нэг боллоо. МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан амжилтаараа “ТОП-100 ААН”-н 21-т шалгарсан байна. 2018 оны хувьд МИАТ компани нийгмийн даатгал, татвар хураамж, ногдол ашигт нийт 29,8 тэрбумийн орлогыг улсад төлсөн байна.
Тийз борлуулалтын салбаруудтай боллоо. Зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор хүн ам ихээр төвлөрсөн цэгүүд болох Сэнтрэл Тауэр, Энканто Тауэрт Тийз борлуулалтын төвийг тараан байршууллаа.
Гадаадын агаарын тээврийн компаниудтай амжилттай хамтран ажиллаа. Гадаадын агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн БНСУ-ын Корейн Эйр компанитай гуравдагч улсыг оролцуулсан код хуваах хамтын ажиллагааны санамж бичгийг амжилттай байгуулсан бол Япон Улсын “Japan Airlines” компанитай код хуваан эзэмших хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.