Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлбөрөө бууруулахгүй бол жагсаал хийнэ

Оюутнуудын дунд хамгийн их хүлээлт бас бухимдал үүсгээд буй сургалтын төлбөрийн талаар МУИС –ийн Оюутны зөвлөлийн тэргүүн Д.Нямбаяртай ярилцсан юм.
 
-Сургуулийнхаа Удирдах зөвлөлийн хурал дээр захирлуудтайгаа сургалтын төлбөрийн талаар нэлээд ширүүхэн маргасан гэсэн. Төлбөрөө нэмэх болсон шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
-Нэмсэн шалтгаанаа “Засгийн газрын 78 дугаар тогтоолоор багш нарын цалинг 53 хувь буюу түүнээс дээш хувиар нэмэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн жилүүдэд сургууль алдагдалтай ажиллаж ирсэн, энэ жил сургуулийн сантехникийн шугамыг засах хэрэгтэй байна” гэж тайлбарласан.

-Төлбөр нэмэх асуудалд танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ. Хэрэв шийдвэрээ өөрчлөхгүй гэвэл яах вэ?
-Сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг хичээлийн жилийн амралт эхлэхээс өмнө тухайн оюутнуудын өөрөө удирдах байгууллагатай нь ярилцаж тохирсны үндсэн дээр гаргах учиртай. Хэрвээ тавдугаар сард дараа жил төлбөрөө нэмнэ гэдгээ бидэнд мэдэгдсэн бол бид нэмсэн шалтгааныг нь судалж үзээд, байр сууриа илэрхийлэх боломжтой байлаа. Гэтэл долдугаар сард ийм шийдвэр гаргаж буй нь шударга бус хэрэг. Ядаж л бид оюутнуудынхаа санал бодлыг сонсч чадахгүй байна шүү дээ. Сургалтын төлбөрийг ийм хэмжээгээр нэмбэл юун түрүүнд сургалтын орчныг сайжруулах ёстой биз дээ. Төлбөрийн асуудал оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарвал бид жагсах хүртэл арга хэмжээ авна.
-Зөвхөн кредитийн үнэлгээ нэмэгдсэн гэсэн байх аа. Үүнд суурь хураамж гэж нэмэгдэх болов уу?
 -Олон оюутан сурдаг сургуулийн төлбөр бараг 65 орчим хувь болж өссөн. Энэ бол зөвхөн кредит нь шүү. Үүнд суурь хураамж гэж байдаг. Тэр хураамж нь бас л нэмэгдэж 300 мянга болсон. Хууль, эдийн засаг, олон улс зэрэг сургуулийн төлбөр бараг 70 хувь руу дөхөж байгаа байх шүү.
-Дотуур байрны асуудал юу болж байна вэ. Оюутнуудаа аваад эхэлсэн байх?
-Оюутнуудаа өнөөдрөөс оруулна. Энэ жил засвар нь сайн хийсэн байна билээ.
-Дотуур байранд энэ жил 1000 гаруй хүүхэд авна гэж байсан. Ийм бага квоттой атлаа өөр сургуулийн оюутан оруулах нь бий?
 -Өнгөрсөн жил дотуур байруудаар явж судалж үзсэн. Нэг өрөөнд 1-2 өөр оюутан амьдарч байсан. Байрны зохион байгуулагчид хэлэхэд “Захирлын тодорхойлолтоор ирсэн хүүхэд” гэж тайлбарладаг. Мөн зохион байгуулагчид нь өөрсдөө хүүхэд оруулдаг нь үнэн. Ингээд нэг байранд 40-50 гадны хүн байдаг гэхэд дөрвөн байранд орох ёстой 100 гаруй хүүхэд орох оронгүй үлдэнэ гээд бод доо. Тэдний оронд орох ёстой оюутнууд нь гадуур айл айл царайчлаад л амьдарч байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Хэрэв ийм асуудал гарах юм бол Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулна.
-Хотод байдаг сургуулиудад анхаарал тавьж, ажиллаж чаддаг. Харин орон нутгийн сургуулиудад сурч буй оюутнуудын эрх ашгийг хэрхэн хамгаалдаг вэ?
 -Бид орон нутагт төдийлөн хүрч ажиллаж чаддаггүй. Энэ өвөл Завхан, Орхон аймгийн сургуулиудын ажил байдалтай нь танилцах төлөвлөгөөтэй байна. Орон нутагт байгаа оюутны зөвлөлийн ажилтай нь бас танилцана.
-Оюутны холбоо оюутны төлөө ажиллаж чаддаггүй. Мөнгө их эргэлддэг учраас түүнийгээ хувьдаа завшдаг гэж ярьдаг энэ тухай юу хэлэх вэ?
 -Холбооны жилийн төсөв нь 60 сая төгрөг байдаг. Үүнээс тодорхой хэмжээг нь төв хороо авдаг. Үлдсэн хэсгийн хуваарийн дагуу сургууль тус бүрт нь тараадаг. Энэ төсвөө хэрхэн зарцуулж буйг сургуулийн захиргаанаас хяналт тавьж, оюутны зөвлөлүүд захиран зарцуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан