Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 ХУВИАР НЭМЭГДЭХ ЭСЭХ НЬ ӨНӨӨДӨР ШИЙДЭГДЭНЭ

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцээд оюутнуудын толгойн өвчин болдог нэг асуудал нь сургалтын төлбөр. Зарим төрийн өмчийн сургуулийн удирдлага сургалтынхаа төлбөрийг 60 хувь хүртэл нэмж, түүгээрээ багш ажилчдынхаа цалинг тавина хэмээн хэнэг ч үгүй салбарын сайддаа хэлж байна. Уг нь, их дээд сургуулийн төлбөрийг тухайн оны эдийн засгийн инфляцтай уялдуулан нэмэх ёстой байдаг атал ингэж дур мэдэн нэмж байгаагийн учир юу билээ.

Гэвч тэд энэ удаад дураараа дургиж чадахгүй нь бололтой. Өнгөрсөн баасан гарагт болсон хурлаар  “Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашдаг” шиг  “Төр өөрийн сургуулиудыг удирдана. Хэрэв сургалтын төлбөрөө 10 хувиас илүү нэмбэл наад зах нь удирдах зөвлөл болон захирлыг нь огцруулах хүртэл арга хэмжээ авах бүрэн боломжтой” гэдгийг салбарын шинэ сайд нь анхааруулсан. Тиймээс сургалтын төлбөрөө аль болох нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг их, дээд сургуулиудын консерциумууд барьж ажиллах л үлдэх шив. Хэрэв тэгэхгүй  ажилгүй болно гэдгээ тэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж авсан биз ээ.
Нөгөө талаар багш ажилчдынхаа цалинг нэмэхийн тулд сургалтын төлбөрийн хэмжээг нэмнэ гэдэг хэзээ ч байж болохгүй учраас салбарын сайд нь ийнхүү хүлээж аваагүй. Мөн хичээлийн танхим нэмэх, сургалтын хэрэгсэл авах гэх зэрэг ажилд хэдэн төгрөг тусгах шаардлагатай байгааг  сургуулийн захирлуудаас тодорхой судалгаа тоо­цоотойгоор гаргаж ирэхийг шаардсан юм. Түүнчлэн багш ажилчдын цалинг төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэлтэй харьцуулан судална гэдгээ мэдэгдлээ. Тэгэхээр их, дээд сургуулийн сургалтын төлбөр 10 хувиас нэг их хол давахгүй байх найдвар байгаа бөгөөд энэ асуудал өнөөдөр шийдэгдэх нь.
Үүнээс гадна Боловсрол шинжлэх ухааны сайд салбарынхаа бодлого, хөгжлийг цаашид хэрхэн авч явах талаараа хэд хэдэн зорилт дэвшүүлснээ танилцуулсан юм.  Тодруулбал, сур­галтын хөтөлбөр, үнэлгээ, арга зүйг олон улсад зөвшөөрөгдсөн төвшинд хүргэх өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд тус бүрийн хүсэл, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх хичээлийн хөтөлбөр боловсруулж, орчныг нь бүрдүүлэх гэнэ. Мөн багшийн өгсөн цээжлэх мэдээллийг буцааж хариулах санамжийг шалгах биш юу чаддаг болсон, ямар өөрчлөлт гарсан, хэрхэн хөгжсөнийг нь үнэлдэг болно. Дүн үнэлгээний системийг үнэн бодитой болгон шалгалтын нэгдсэн хөндлөнгийн шинэ тогтолцоонд шил­жиж, багш, сургуулийн удирдлагын ажлын үр дүнг хөндлөнгөөс шалгадаг болгоно гэдгээ мэдэгдлээ. Энэ жил ерөнхий боловсролын 36 сургууль, 75 цэцэрлэг, 18 дотуур байр, 16 спорт заал ашиглалтад оруулснаар сургуулийн суудлын тоо 21480, цэцэрлэгийн орны тоо 7500-гаар нэмэгдэх гэнэ. Боловсрол олгох орчинг аюулгүй байлгах үүднээс сургуулийн эргэн тойрны 100 метр газарт  архи, тамхигүй, зам тээврийн аюул, эрсдэлгүй орчин бүрдүүлж, иргэдийн санал бодлыг нь хүлээн авч, бодлого шийдвэрт тусгах зорилгоор  "Иргэний танхим"-ыг яамандаа тогтмол ажиллуулахаар болсон гэдгээ ч дуулгав. Ингэснээр сургууль, боловсролын байгууллагынхан  үйл ажиллагаандаа эцэг эх, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцүүлсэн, шийдвэр гаргахад оролцоог нь тусгадаг байх шинэ менежментийг хэрэгжүүлэх боломжтой болох аж. Энэ бүхнээс гадна багш нарыг авлига гэх зүйлээс ангид байлгах зорилгоор сургууль төгсөх, анги дэвших үеэр эцэг эхээс авдаг мөнгө хийгээд бэлэг дурсгалын зүйлийг авахуулахгүй, өгүүлэхгүйн төлөө хатуухан арга хэмжээг авахаар болсноо илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан