БНХАУ-д шинэ төрлийн “коронвирус”-ийн халдварын тохиолдол сүүлийн хоёр сард байгаагүйгээр огцом нэмэгдсэн нь анхаарал татлаа. Сүүлийн 24 цагт 57 тохиолдол бүртгэгджээ.
Үүний дараа Бээжинд байрлах Шинфади хүнсний захыг хаасан төдийгүй хотын хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. БНХАУ-ын эрх баригч Коммунист нам цар тахлыг ялан дийлсэн гэж гуравдугаар сард мэдэгдсэний дараа тус улсын хэмжээнд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийн дийлэнхийг сулруулаад байсан юм.
Харин ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол 8.8 мянгаар нэмэгдэж, хагас сая даваад байна.
Энэтхэгт “COVID-19”-ийн халдварын тохиолдол 11.3 мянгаар нэмэгдсэн бол Бразилд 17 мянгаар өсжээ. Өөрөөр хэлбэл тархалтын эрч бага зэрэг буурсан байна.
АНУ-д халдварын тохиолдол 1.1 хувиар буюу сүүлийн нэг долоо хоногийн дундажтай ижил дүнгээр өслөө. Флорида мужид тав дахь өдрөө дараалан тархалт хамгийн өндөр байна. АНУ-ын хэмжээнд 22 мужид тархалт нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан байна. Вакцин гарах хүртэл АНУ-ыг чиглэсэн аяллын бүх хөдөлгөөнийг хориглох магадлалтай гэж тус улсын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Институтийн тэргүүн Энтони Фаучи нэгэн сонинд ярилцлага өгөх үедээ онцолжээ. Түүнчлэн АНУ-ын хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн халдвар авах магадлалтай гэж Миннесотагийн Их сургуулийн эрдэмтэд тооцоолсон байна.
Франц улс энэ даваа гарагаас хоолны газар, ресторануудаа нээж байна. Ирэх долоо хоногоос сургуулиудаа нээхээр болжээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Африкт халдварын тохиолдол хоёр дахь өдрөө дараалан өмнө нь байгаагүйгээр нэмэгдлээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 7.9 сая (7.984.432), эндсэн 435 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.1 сая давжээ.