Монголбанк алт олборлогч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгохоор бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 23 тонн алт олборлох буюу өнөөгийн үнэ цэнээр 1.2 тэрбум ам.доллароор гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх боломжтой гэж Төв банк тооцоолжээ.
Алтны санхүүжилтийг урт болон богино хугацааны гэж хоёр ангилж байгаа юм. Зургаан сар хүртэлх хугацаатай, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт нь тухайн компанийн энэ жил олборлохоор уулын ажлын төлөвлөгөөндөө батлуулсан алтны дүнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэнэ. Харин урт хугацааны санхүүжилт нь 24 сар хүртэлх хугацаатай, батлагдсан нөөцийн 30 хувь хүртэлх дүнтэй тэнцэх юм байна. УУХҮЯ санхүүжилт олгох боломжтой гэж үзсэн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаа гаргасны дараа энэ долоо хоногтоо багтаан банкнуудтай гэрээ байгуулж, санхүүжилтээ олгож эхлэх боломжтой гэж Төв банк мэдээллээ.
Гадаад валютын албан нөөц 2020 он гарснаас хойш 11.6 хувиар буурч, IV сарын эцсийн байдлаар 3.8 тэрбум ам.доллар болоод байна. Алт тушаалт нэмэгдэхгүй бол энэ тоо цаашид буурах эрсдэлтэй юм. Алт олборлогч гаднын биржид бүртгэлтэй компаниудаас "Steppe Gold” компани "Алтан цагаан овоо" ордын олборлолтоо эхлээд байна. Энэ онд 60 мянган унц алт олборлохоор төлөвлөж байна. Эхний ээлжид Төв банканд 5233 унц алт, 1372 унц мөнгийг 8.5 сая ам.доллароор тушаагаад байгаа юм.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани "Хөндий" алтны төслөө 2021 онд эхлэхээр төлөвлөж байна. Энэ оны дундуур нарийвчилсан ТЭЗҮ-ээ гаргана.
"Хармагтай" төслийг эзэмшигч “Xanadu Mines” компани “Улаан толгой” төслийн хайгуулаа эхэлээд байна. Энэ төсөлд Япон улсын Засгийн газрын агентлагаас 7.2 сая хүртэлх ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Харин “Хармагтай” төслийн хайгуулд зориулж олон улсаас 1.12 сая австрали долларын санхүүжилт татаад байна.
Эх сурвалж: Монголбанк