Ази тивийн хүрэл, мөнгө, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, 2007 оны Кураш бөхийн Ази тивийн анхны аварга, бөхийн чөлөөт барилдааны улсын дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахыг энэ удаагийн зочныхоо хойморьт урьж ярилцлаа. Монгол Улсаа дэлхийд данслахад өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан гавьяаттай эгэл амьдралынх нь тухай ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу гавьяат аа. Баянхонгорт байгаа сураг сонсогдсон. Хэзээ ирсэн бэ?
-Сайхан, сайхан. Ирээд хэд хонож байна.
-Тантай энэ олон жилийн хугацаанд гаргасан амжилтуудын тань талаар ярихаас илүүтэй энгийн хэрнээ чин сэтгэлийн яриа өрнүүлмээр байна. Таны спортоор эрчимтэй хичээллэж эхэлсэн түүхийг зухасхан сонсч байлаа. Бас л нэлээн ээдрээтэй түүх байсан. Дургуйцэхгүй бол манай сонины уншигчидтай хуваалцаж болох уу?
-Юуг нь ч нуух билээ дээ. Би чинь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. 2002 оны үед манайх чинь нутаг усандаа л мал ахуй ихтэй, дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байлаа. Аав, ээж минь 1000 –т малчин байсан юм. Тэр үед хотод ирж бэлтгэл сургуулилтаа хийх гэтэл аав, ээж хоёр “Хүний газар, таних мэдэх хүнгүй миний охин өлсч цангана. Энэ жил малаа маллаад гэртээ өвөлж” гэсэн. Хэлснийх нь дагуу тэр өвөл нь гэртээ өвөлжтөл Цагаан сарын дараахан бүсэлхийнээс дээш татсан цас ороод зуд болдог юм байна. Тухайн үед өнөөх их мал чинь тав зургаан гэр барьчихсан юм шиг л үхсэн дээ. Амьд үлдсэн мал нь үхснийхээ ноосыг идэж байсан үнэхээр хэцүү дүр зураг одоо хэр нь сэтгэлд минь байдаг юм. 300 гаруй адуунаас хоёр, гуравхан нь л үлдсэн юмдаг. Тэр үед л үзээгүй зовлонгоо үзсэн гэхэд болно. Тэгэхэд ганцхан л зүйл толгойд минь эргэлт буцалтгүй эргэлдэж байлаа.
-Чухам юу байсан юм бэ?
-Спортоороо тууштай хичээллэж аав, ээж, гэр бүлийнхнийхээ амьдралд тус хүргэх тухай бодол юм л даа. Энэ цаг үеэс өмнө өсвөр, залуучуудын тэмцээнд ирэн очин оролцдог байсан. Харин 2002 оны зуд болсон жил аав, ээж хоёр минь замын унаанд суулгаж өгөөд хот руу явуулж байлаа. Дөрвөн өдөр зам манаж машин тосон Баянхонгор аймагт ирж цаашлаад хот орж байсан санагдана.
-Аавын тань бүх насны хөдөлмөр нэг л өдөр үгүй болсон болохоор үнэхээр хэцүү байсан байх?
- Тэр үеийн зураглал үнэхээр хэцүү шүү. Машин сахин сууж байгаад орой нь гэртээ очиход аав минь “Миний 60 жилийн хөдөлмөр ингээд л сүйрчихлээ” гээд уйлж байсан. /Нүдэнд нь нулимс цийлэгнэв/ Ээжийн минь ч дуу гарахаа больсон. Тухайн үед хүүхэд байсан болохоор сэтгэл зовниж уйлахыг ч мэддэггүй байж. Одоо эргээд тухайн үеийг бодохоор зүрх шимшрэх шиг л болдог юм.
-Мал гаргаж идэх ч эрхгүй үлдэж дээ?
-Яг л тийм зүйл болсон. Аав минь ядаж байхад малдаа их хайртай. Мянга гаруй малнаас 30 –аадхан нь л үлдсэн байх. Гэтэл байгаа хэд нь ч тогтохгүй. Ер нь хүнд үе байсан даа. Зундаа ганц ч мал гаргахгүй, өвөл нь хийсэн борцоо идээд зуншдаг байлаа.
-Зорилгоо тодорхойлчихсон ирсэн хүн хамгийн түрүүнд ямар амжилт үзүүлсэн нь сонин байна?
- Би хаваржин бэлтгэл хийсэн. Тэр үед залуучуудын улсын аварга Ховд аймагт болсон юм. Мөнгөн медаль хүртсэн ч тохойгоо маш хүнд гэмтээсэн байсан учир гэртээ харьж хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн.
-Ээжтэйгээ жижиг гэрээ аваад хотод ирж байсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Тохой ч овоо эдгэсэн. Ээжтэйгээ хотод ирж айлын хашаанд буусан. Тухайн үед шигшээ баг гэж байсангүй. Түүнийгээ дагаад цалин мөнгөний асуудал их хүнд байлаа. Өсвөрийн насны хүүхэд болохоор тоогоод цалинжуулчих ч газар байсангүй. Хамаатан садан гээд туслачих хүн ч байгаагүй болохоор ёстой л нэг бор зүрхээрээ бэлтгэл сургуулилтаа хийж ээжтэйгээ амьдарсан. Автобусанд гүрийх үедээ гүрийгээд л …/Инээв/ Заримдаа 50 төгрөг өгч сууна. Энэ мэтээр эрчимтэй бэлтгэлээ хангаж эхэлсэн. Намар нь Кураш бөхийн улсын аварга болоод сарын дараа нь Энэтхэг улсад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож жиндээ түрүүлж алтан медаль хүртсэн. Гэтэл уран барилдааны шагнал гээд 500 ам. доллар өгдөг юм байна. Тэмцээнээс ирээд хамгийн түрүүнд ээж дээрээ ирээд “Ээжээ би баян болсон” гээд мөнгөө үзүүлээд их л баярлаж билээ. Нуулгүй ярихад ээж бид хоёр бараг л нэн ядуу амьдралтай байлаа. Суух сандал байхгүй, гудамжнаас мод олж аваад л зуухныхаа хоёр талд тавиад суучихдаг байсан. Харин шагналынхаа мөнгөөрөө гэртээ тавилга авч байсан юм.
-Амжилтын амтыг тэр үед л мэдэрчээ дээ?
-Тийм ээ. Шагнал хүртэж аав, ээжийгээ баярлуулсан учир их сайхан санагдаж байсан юм.
-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Нармандах амжилтаа зүүдэндээ харсан гэдэг. Энэ үнэн үү?
-Үнэхээр сонин шүү. Энэтхэгт тэмцээнд явж ирснийхээ дараахан хавиргандаа хүнд гэмтэл авч гурван сар гэртээ хэвтсэн юм. Гэрийнхээ хойморьт унтаж байхдаа чөлөөт бөхөөр их том амжилт гаргаж байна гэж зүүдэлсэн. Тэр цагаас хойш ерөөсөө л чөлөөт бөхийн спортоороо дагнан хичээллэе гэж шийдсэн. Ингэснээр Монгол Улсын гавьяат тамирчин Намшир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Тухайн үед Нарантуулын Сайхансамбуу захирлын ивээлээр Намшир багш тоотой хэдхэн хүүхдийг хичээллүүлж эхэлсэн байсан юм. Түүнд нь багтаж их спортоор хичээллэж эхэлсэн дээ.
-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Намшир багш өөрийг тань хөвгүүдтэй барилдуулдаг байсан гэдэг байх аа?
-/Инээв/ Тийм ээ. Багш маань “Чамайг таван сар хичээллүүлээд дэлхийн аварга болгоно” гэж байсан юм. Гэхдээ өдий болтол багшийнхаа сэтгэлд хүртэл барилдаж чадаагүйдээ жаахан харамсангүй л байдаг юм.
-Таныг бөхийн дөрвөн төрлөөр хичээллэж үндэсний бөхөөр хүртэл барилдаж байсан гэдэг юм билээ?
-/Инээв/ 2007 оны дэлхийн аваргын бэлтгэлээ бид Булганы үндэсний бөхчүүдтэй нэг галд гарч хийсэн юм. Тэр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын багш байсан. Хоёр багш тэр зунжингаа үндэсний бөхөөр барилдуулсан. Тухайн үед шигшээгийн тамирчид надад бүгд ялагддаг байв. Нэг мэдсэн арслан гэдэг цолтой болчихсон явсан шүү.
-Савхан цагаан арслан гэдэг үү?
-/Инээв/ Тийм ээ. Хөл маань их нарийхан байсан юм шиг байна билээ.
-Дэлхийн аваргын медальтай, гавьяат тамирчин болчихсон хүн харамсах хэрэггүй юм шиг ээ?
-Мэдэхгүй юм аа. Багшийн минь “дэлхийн аварга” болгоно гэсэн үг хүчтэй нөлөөлсөн нь энэ байх л даа. Нас ч нэлээн явж байна.
-Дэлхийн шилдэг тамирчид чинь 30 гараад л томоохон амжилт гаргадаг шүү дээ?
-Баярлалаа. Олон жил хичээллээд ирэхээр бэртэл гэмтэл гэж аюултай зүйл л шаналгах юм.
-Жаахан тодруулахгүй юу?
-Намайг нурууны үе солиулах хагалгаанд ор гээд байгаа. Нэгэнт л их спортыг сонгосон болохоор тоохгүй л гүйж байна. Бэлтгэл ч хийж чадахгүй нь жаахан хүндхэн тусдаг. Хоёр цагийн зайтай өвчин намдаах эм уугаад л явж байгаа.
-Өнгөрсөн жилийн Станбулын дэлхийн аваргад оролцохдоо ийм бэртэлтэй байсан юм уу?
-Тийм ээ. Гэхдээ тэр үед өөрийгөө их тэвчээр гаргасан гэж боддог. Миний жинд гурван тамирчин өрсөлдсөн. Хоёр ч удаа сонгон шалгаруулалт хийн байж эрхээ хүртэж оролцсон.
-Шагналт тавдугаар байрт шалгарсан байх аа. Манай эмэгтэй шигшээ багийнхан гуравдугаар байрт шалгарахад таны авсан таван оноо маш их нөлөөлсөн?
-Тийм ээ. Медалийн үзүүрээс атгаад алдсан ч гэсэн шагналт байрт орж багийн дүндээ нөлөөлсөндөө баяртай явдаг. Хэрвээ миний авсан таван оноо байгаагүй бол манайх дэлхийд багаараа ийм амжилт үзүүлж чадахгүй байсан. Канад гэхэд ганцхан онооны зөрүүгээр дөрөвдүгээр байрт шалгарсан.
-Таны үндсэн жин болох 59 кг хүчтэй өрсөлдөгч олонтой. Ийм олон жил улсын болон нэрэмжит тэмцээнд финалдах амаргүй байсан байх?
-Манай жинд нэг тэмцээнд 20 гаруй тамирчин өрсөлддөг. Тэднээс хэнийг нь ч сул гээд хэлчихэж болохооргүй. Хэн бэлтгэл сайн байна түүний өдрийн од нь гийнэ .Тэр л ялалт авдаг гэсэн үг л дээ. Нуруугаа эмчлүүлчихвэл тийм ч амархан бууж өгөхгүй шүү./Инээв/
Дэлхийн аварга гэдэг эрхэм тэмцээнээс медаль хүртэж байсан үеэ дурсаач?
-Өө. Сайхан байлгүй яахав. Энэхүү тэмцээнд оролцож ирчихээд 2008 онд хүүтэй болж байлаа.
-Гурван удаа дэлхийн аваргад оролцож хоёр удаа айрагдсаныг тань мэдэх юм байна?
-Мориор ярьвал шүү дээ. /Инээв/
-Та Баянхонгор аймгаас төрсөн хэддэх гавьяат тамирчин юм бэ?
-Спортын анхны эмэгтэй гавьяат тамирчин. Бөхийн төрлөөс гэвэл Х.Баттулга сайдын дараа буюу 16 жилийн дараа төрсөн гавьяат.
-Олимпын жин, олимпын бус жин гэж яриад байх юм. Ямар учиртай юм бэ?
-Чөлөөт бөхийн спорт олимпын төрөлд орчихсон манай улсын топ спортын төрөл. Манай улсын хувьд шууд олимпын жинд медаль хүртчихээгүй. Энэ талаар төр засгийн удирдлагууд ч гэсэн нарийн анхаарах хэрэгтэй. Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд ч, анх шууд олимпын жинд медаль хүртчихээгүй.
-Гэр бүлийн тань хүн бас спортынх уу?
-Үгүй ээ. Спортын хүн байгаагүй.
-Байгаагүй…?
-Хүүгээ нэг ойтой байхад бид хоёр тийш болсон. Одоо миний хүү гурван настай. Үймээний эзэн байгаа. Хүүтэйгээ амьдарч л байна даа.
-Бэлтгэл сургуулилт, хажуугаар амьдралаа авч явна, дээр нь хүүгээ ганцаараа өсгөх амаргүй л байх даа. Уучлаарай, амьдралд шантрах үе хэр олон гарах юм?
-Заримдаа хэцүү зүйл гарна. Хүний амьдрал гэж сонин л юм. Хүүг минь Болдмандах гэдэг. Гэхдээ амьдралын зам урт байна. Хүүгээ л хүн шиг хүн болгоод, орох оронтой болоод авбал болох нь тэр. Мөн бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно оо.
-Санаа зөв бол, заяа зөв гэдэг. Хувийн амьдрал руу тань дэндүү өнгийж байгаад уучлаартай. Одоо хаана амьдарч байгаа вэ?
-Хүүтэйгээ хамт хажуу өрөө хөлсөлж амьдардаг байсан. Жаахан хүнд юм билээ. Одоо Баянхонгорт ээжийндээ байгаа. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг болохоор орон байр л хамгийн чухал байх юм. Эд барилдаж явах үед ч энэ асуудал сөхөгдөж байсан. Уг нь орох оронтой асуудал бага байсан бол гаргасан амжилтаасаа илүү амжилт үзүүлэх байсан. Манай нутгийн ах “Бридж групп”-ын захирал Дорждэрэм тамирчин байхаас минь тусалж ирсэн. Намайг нутгатаа очсон хойно ч гэсэн аймгийн төвд хашаа авч өгөн тусалсанд баярлаж байгаа.
-Баянхонгороос наашаа ирж бэлтгэл сургуулилтаа хангадаг хэрэг үү. Та хаана харьяалагдаж барилддаг юм бэ?
-Тийм ээ. Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст харьяалагддаг юм. Тэндээсээ цалинжаад л амьдралаа залгуулж байна. 22 насандаа дэлхийн аваргын медаль хүртэж, гавьяат цол хүртэхдээ дөрвөн ханатай гэрт байсан. Эргээд нутаг руугаа буцахдаа дөрвөн ханатай гэрт л байна.
-Одоо чинь шагнал хүртээд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан тамирчинд байр, машин гээд л хүссэн зүйлийг нь өгч байна шүү дээ?
-Сайхан сэтгэлтэй ах эгч нар байсан л байх. Тэгж гэр оронтой болох чинь бас л нэг менежмент юм шиг байгаа юм. Чадаагүй ээ.
-Шагналд хүртсэн мөнгө амьдралд тань хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Тухайн үед авсан мөнгөө багштайгаа хувилж, хуваан авдаг байсан. Тэмцээнд оролцох замын зардал гээд зээл тавьчихна. Буцаагаад өнөөхөө дарна. Энэ маягаар л зарцуулдаг байсан. Эгч нь чамд нэг түүх ярьж өгөх үү?
-За?
-Аав минь алтан медаль хүртэх тоолонд надад жороо морь өгдөг байлаа. Хэрвээ тэр их зуд болоогүй бол би одоо адуугаараа тэр хавьдаа тэргүүлэхээр л хүүхэн байх байсан. /Инээв/ Гэхдээ зөв явбал бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.
-Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг дээ. Та хүүгээ спортын хүн болгох уу?
-Магадгүй л юм. Ямар ч байсан энэ есдүгээр сараас өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг нутгийнхаа хүүхдүүдэд зааж сургах бодол байна. Чөлөөт бөхөд нэгэнт л эргэлт буцалтгүй орсон юм хойно, үүнийхээ төлөө л дуусах бодол байна.