Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүд уйлж байна



“Хүүхэд бүр инээж байг”, “Монголын үрс маш олон болтугай” хэмээн нүүрэн дээрээ сайн хүний дүр эсгэх дуртай төрийн байгууллагыхан, боловсролын  салбарынхан болж л өгвөл бяцхан үрсийнхээ нулимсыг нь үзчих гээд байдаг болж. Өчигдрөөр дуусгавар болсон сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүдийн бүртгэл үүний нэг тод жишээ гэлтэй. Ямартай ч, хонон өнжин дугаарлаж зогссоныхоо хүчинд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадсан эцэг, эхчүүд, багачууд баярлаж суугаа нь дамжиггүй. Харин чадаагүй нэгнийх нь хүүхэд “Би цэцэрлэгт явмаар байна. Ээжээ би үймүүлэхгүй. Таны үгэнд сайн орно. Би Батаатай адил цэцэрлэгт явж болохгүй юм уу” гээд алагхан нүднээсээ том том нулимс унагах нь даанч өрөвдмөөр.Эцэг эхчүүд нь ч энэ өвөл хүүхдээ яана даа, ажлаа яах билээ. Дахиад л хэдэн буудал автобусаар явж эмээ өвөөд нь харуулдаг байх даа хэмээн тархиа гашилгаж суугаа.  Иймэрхүү дүр зургийг та өчигдөр 18:00 цагаас хойш өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүдийн бүртгэл дууссанаас хойш олонтаа харсан гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн хүн ам жилээс жилд нэмэгдэж, төрөлт ихэссэн зэргээс шалтгаалж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй болсон гэж албаны хүмүүс нь телевизийн суваг болгоноор ярьж буй ч үнэндээ ямар зохицуулалт хийх, хийхээр болсон талаараа нэг ч үг цухуйлгасангүй.

Харин яагаад олноор нь цэцэрлэг барьж болохгүй байна вэ гэдэг асуултад “Шинээр цэцэрлэг барья гэхээр газар олддоггүй зовлон байдаг” гээд хээвнэг хариулж буй нь ажлаа хэрхэн явуулдгийг нь  харуулах шиг боллоо.
 Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх насны 89 мянга гаруй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг. Тэдний 60 мянга нь энэ жил цэцэрлэгт хамрагдчих болов уу гэсэн таамаг бий. Гэхдээ энэ тоо буурч мэдэх нь. Яагаад гэвэл, хэд хэдэн цэцэрлэг энэ жил шинээр хүүхэд бүртгэж авахгүй гэдгээ мэдэгдсэн бол зарим нь цөөн тооны хүүхэд л авсан юм. Үүнийгээ Нийслэлийн боловсролын газраас “ачааллаа хэтрүүлж ажиллаж болохгүй, тааруулж ажилла, нормоо барь” гэсэн зааварчилгаатай холбон тайлбарлаж байна.  Мөн өнгөрсөн жил нэг бүлэгт хэт олон хүүхэд авсан болохоор багш нар маань сунаж унатлаа ажилласан, бид ч гэсэн хүн шүү дээ гэцгээж байлаа. Үнэндээ цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг буруутгах аргагүй юм. Өнгөрсөн гурав хоногт бүртгэлтэй холбоотойгоор хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан нэг асуудал бол яах аргагүй нийслэлийн олон хорооны нутаг дэвсгэрт огт  цэцэрлэг байхгүй  байсан явдал. Ноднин 37 хороо цэцэрлэггүй байсан бол энэ жил 30 болтлоо буурсан нь сайшаалтай ч эдгээр хороонд харьяалалтай хүүх­дүүд цэцэрлэггүй үлд­сэн нь эмгэнэлтэй. Учир нь, харьяаллын бус гэдэг шалт­­­гаанаар зэргэлдээх цэцэр­лэгүүд нь бүртгэж авсан­гүй. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Сургуу­лийн өмнөх боловсрол хариуц­сан мэргэжилтэн З.Болор­маагаас тодруулахад “Энэ асуудлыг хаа хаанаа зө­вөөр ойлгох хэрэгтэй. Яах ч арга байхгүй байна шүү дээ. Уг нь ч зэргэлдээх цэцэрлэгүүд нь ганц нэг хүүхдийг бүртгэж авдаг юм л даа. Энэ жилийн хувьд хэт их ачаалалтай байгаа болохоор цэцэрлэгүүд өөрийн харьяаны хүүхдүүдээ ч авч дийлэхгүй байна” гэсэн хариу өгөв. Тэгэхээр амьдарч буй хороонд нь цэцэрлэг байхгүй бол тэр хүүхдүүдийн хохь болоод үлдэх нь тодорхой боллоо. Тиймээс нэг бол гэртээ өнжих, үгүй бол өндөр төлбөртэй цэцэрлэгт хүмүүжих хоёр л сонголт тэдэнд бий.  Үүнээс улбаатай хувийн гэх тодотголтой цэцэрлэгийн бизнес ч эрчээ авч эцэг, эхчүүдийн халаасыг тэмтрэх болсон билээ.

Уг нь, Улаанбаатар хотын хэмжээнд 35.9 мянган хүүхдийн суудал бүхий хүчин чадалтай  хичээлийн 60 байрны барилга, 10.6 мянган хүүхдийн ор бүхий хүчин чадалтай  цэцэрлэгийн 50 барилга барьж ашиглалтад оруулбал хэрэгцээгээ ханга­чихна гэсэн судалгааг өн­гөр­сөн жил хариуцсан салбарынхан нь гаргасан.  Энэ хэрэгцээг хангахын тулд 60.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай болохыг нь  ч тооцож гаргасан байдаг. Ингэхэд яагаад цэцэрлэг барих газар олддоггүй юм бол. Цэцэрлэгээс илүүтэйгээр орон сууц барих нь ашигтай болохоор тэр гэж үү. Үгүй л болов уу. Анхнаасаа манай хотын удирдлагууд хот төлөвлөлт гээчийг мартаж хэдэн төгрөг халааслахаа урьтал болгосны гай гарч буй нь энэ гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Үнэндээ нийгмийн үйлчилгээний хоёр дахь чиглэлийн барилгууд гэж хэлж болох баар, цэнгээний газар, буудал барих болохоор газар олдоод байдаг нь сонин. Тэгсэн хэрнээ сургууль соёлын барилга барих гэхээр олддоггүй. Уг нь, шинээр баригдаж буй хотхон, хороолол барихаар зөвшөөрөл авсан компаниудтай ярилцаж тохиролцоод тэнд нь цэцэрлэг бариулаад улс худалдаж авдаг зохицуулалт хийдэг байвал болохгүй гэх газар үгүй мэт. Бүр болдоггүй юм аа гэхэд тухайн хороолол баригдах талбайн газраас нь алга дарамыг авч үлдээд  хариуцсан салбар нь цэцэрлэг сургуулийн барилга бариулж болмоор л санагдах юм. Алийн болгон айлын алаг үрсийг ялгаж, нус нулимстай нь хутгах болж байна вэ. Ямар ч гэсэн хариуцсан салбарын сайд нь зохицуулалт хийж өгнө гэж л найдъя даа.

Нийслэлийн өмнөх удирдлагуудын хувьд наанаа 40, 100 мянган айлын орон сууц л гэж хөөрөгдөөд, цаагуураа газрын наймаа л хийгээд байснаас биш, орон сууцанд орсон айл өрхүүд чинь нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ авах ёстой, байр сууцандаа ойрхон эмнэлэг, сургууль цэцэрлэгтэй, дэлгүүр худалдааны төвтэй байх ёстой гэдгийг ор тас мартаж орхисон нь ийм байдал хүргэж байгаа нь энэ. Анх л газар олгохдоо цэцэрлэг сургууль барих алга дарам газар аваад үлдчихэж болох ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж хавтгай дөрвөлжин метр талбай бүрийг үнэ хүргэж халаасалж ирсэн  нийслэлийн үе үеийн удирдлагуудын балаг ийнхүү дараа дараагийн удирдлагууддаа үлдэж байгаа хэрэг.
Ингэж нэг асуудлыг нь орхигдуулах нь сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч­дийн авлигын бизнесийг цэцэглүүлж байгаа нь ч нууц биш. Одоо нийслэлээр л нэг цэцэрлэг сургуулийн захирал таньдаг мэддэг хүн сурагласан “Хамаагүй ээ, хэдэн төгрөгийг нь өгнө” гэсэн яриа утсаар, уулзалдсан хүмүүсийн дунд явж байна шүү дээ.
Чухамдаа хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ гэдэг өөрөө уйлаад зогсохгүй дам дамаа ард иргэдийн амьжиргааны түвшин улам л доошлохын нэг эх үүсвэр болж байгаа. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй аав ээжийн  хэн нэгэн нь ажил хийлгүй нялх бага хүүхдүүдээ харж гэртээ суухаас л аргагүй болно.  Ийм айлын орлого нэг дахинаа байг гэхэд тодорхой хэмжээгээр л буурна шүү дээ. 

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан