МҮЭ-ийн холбоо, МТХГТА-ны ҮЭ-үүдийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн холбоо хамтран шатахууны үнийн асуудлаар өнөөдөр /2020.04.13/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ энэ оны нэгдүгээр сараас эрчимтэй буурч, 1 баррель нефть 69 доллар байснаа 23 доллар болсон ба улс орнууд шатахууны үнээ дагаж буулгаж байна. Гэтэл манай улс 50 төгрөгөөс илүү буулгасангүй. Манай холбооноос судалгаа хийж 650 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг гаргаж ирсэн ч амжилтгүй байна хэмээн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Буяндэлгэр мэдээллээ.
Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр
-Энэ сард дизель түлшний үнэ 369 доллар байна. Энэ нь өнгөрсөн сарынхаас тонн тутамд 197 доллараар буурч, нефть импортлогч компаниуд литр дизель түлшнээс 920 төгрөгийн ашиг олж байна. Дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэж, улс орон бүр иргэдээ бодсон шийдвэр гаргаж байхад шатахууны үнэ дор хаяж 500 төгрөгөөр буурах ёстой. Бид шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ сарын 15-ны дотор 500-650 төгрөгөөр бууруулахгүй бол “машинт” жагсаал хийх болно гэлээ.