Улаанбаатар дээд сургууль, Монголын түүхчдийн холбоо, Берлиний Хумбольдийн их сургууль хамтран “Өөрчлөн байгуулалт төв Азийн нийгмийн амьдралд нөлөөлсөн нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 24-25 нд зохион байгуулахаар болжээ. Тус хуралд АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Нидерланд, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг найман улсын эрдэмтэд оролцож “Өөрчлөн байгуулалт төв Азийн нийгмийн амьдралд нөлөөлсөн нь” сэдвээр ярилцах юм. Мөн Нидерландын Азийн судлалын олон улсын институт, Японы хүмүүнлэгийн үндэсний институт, Угсаатан судлалын үндэсний музей зэрэг байгууллагууд оролцохоор болжээ. Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат энэхүү сэдвийн дор илтгэл тавих бол АНУ-ын Монгол судлаач эрдэмтэн Морис Россаби “1989-1990 оны Монгол, ба Хятад өөр өөр загвар” хэмээх сэдвээр сонирхолтой илтгэл тавьж ирсэн зочдын асуултад нээлттэй хариулах гэнэ.