Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 30 дугаар олимпын наадамд шилдэг 29 тамирчин өрсөлдсөнөөс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Лондонгийн тэнгэр төрийн далбаагаа хэдэнтэй мандуулсан тамирчдыг өчигдөр МҮОХ, тэдний алтан түнш болсон Скайтел компанийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Лондонгийн олимпын рингэнд 20 насандаа мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарыг алтан од шагнал 6000 доллараар шагнасан бол хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, С.Ням-Очир нарт мөн л тус шагналыг 4000 долларын хамт гардуулсан юм. Харин Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Москвагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь тус шагналыг олгосон учир энэ удаад 4000 долларыг гардуулан өглөө. Мөн тэдний амжилт гаргах нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн багш дасгалжуулагчдыг хүртэл урамшуулсан юм. Шагнал хүртсэн тамирчид “Тамирчид, дасгалжуулагчдын амжилт гаргахад хамгийн ихээр нөлөөлж байдаг Скайтел компанийн хамт олондоо баярласанаа илэрхийлж, бидний амжилт бүрийн цаана, ар тал болж явдаг та бүхэндээ дахин, дахин баярлалаа” хэмээн хэлж байлаа.