Зарим мэдээллийн хэрэгслээр түгсэн “Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана” гэх мэдээлэл олны анхаарлыг татаж чадлаа.
Тэгвэл уг мэдээллийг холбогдох албаны хүмүүс нь ташаа мэдээлэл болохыг нь баталлаа.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас “Ийм мэдээлэл өгөөгүй” гэсэн тайлбарыг өгсөн бол Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК албан ёсны тайлбар гаргажээ.
Тус тайлбарт "2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гарагийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.
Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн.
Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэжээ.