Америкийн жүжигчин Том Круз гэргий Кэти Холмсоос албан ёсоор саллаа гэж People сэтгүүлийн сайтад өчигдөр мэдээллээ. Жүжигчдийн ойрын эх сурвалжийн хэлснээр бол тэд салах тухай гэрээнд наймдугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Кэти Холмс салах тухай өргөдлөө өнгөрсөн зургадугаар сард өгсөн бөгөөд энэ үйл явц харьцангуй богино хугацаанд шийдэгдлээ.
50 настай Том Круз, 33 настай Холмс нар таван жил гэр бүл байж охин Сури одоо зургаан нас хүрээд байгаа юм. Салах тухай гэрээгээр бол охин эхтэйгээ Нью-Йоркт үлдэж, харин эцэг нь түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд оролцох гэнэ. Холмс бол Крузын гурав дахь эхнэр. Түүнд хоёр дахь эхнэр Николь Кидмантай амьдарч байхдаа өргөж авсан хоёр хүүхэд бий.