БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан “2019-nCoV” коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
БНХАУ-д “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчин тархаад буйтай холбогдуулан БНАСАУ-ын эрх баригчид хилээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Энэ тухай Хятадад байрладаг “Young Pioneer Tours” аялал жуулчлалын агентлаг мэдэгдсэн байна.
“БНАСАУ вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор 1 дүгээр сарын 22-ноос гадны жуулчдыг хүлээн авахаа зогсоож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-ыг зорьдог гадны жуулчдын дийлэнх нь БНХАУ-аас ирдэг аж.
Баруун Африкт эбола вирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНАСАУ 2014 онд мөн ийм арга хэмжээ авч байжээ.