Дэлхийд нэрээ цуурайтуулж, хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The Hu" хамтлаг өчигдөр эх орондоо ирлээ. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөсөн юм. Тус хамтлагийг "Чингис хаан" нисэх онгоцны буудалд урлаг соёлынхон болон хэвлэл мэдээллийнхэн тослоо.
Энэ үеэр тус хамтлагийн дуучин, хөөмийч Г.Нямжанцан “Биднийг аялан тоглолтоо үргэлжлүүлж байхад “Чингис хаан” одонгоор шагнасанд маш их баяртай байгаа. Баярлалаа” гэв. Мөн хамтлагийн ахлагч Ц.Галбадрах “Сэтгэгдэл маш өндөр байна. Тоглолтын билетүүд бүгд худалдаалагдаж байсан. Маш олон хүн үзсэн онцгой тохиолдол болж байгааг зохион байгуулагчид хэлж байсан. Монгол соёлоо түгээхийн төлөө Hu хамтлаг хичээнэ ээ. Бид эх орондоо нэг сарын хугацаанд амарна. Дараа нь Европоор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Бид анх удаа Хойд Америкт буусан. Гэхдээ биднийг олон жил сонссон мэт маш гайхалтай хүлээж авсан. Тоглолт эхлээгүй байхад “Хү Хү Хү” гэж дуудаж байсан. Монголчууд маань маш сайхан уухайлж дэмжсэн. Бүх монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.
Тэд 42 мянган километр аялж, 50 гаруй хотоор 60 тоглолт хийжээ. Ихэнх цагаа замд өнгөрөөсөн бөгөөд хамтлагийн гишүүдийн тэвчээр, хатуужил сайн байсныг хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог хэлэв. Түүнчлэн тэд хамтлагаараа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлсэн юм.
THE HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.
Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь THE HU хамтлаг болсон байна.