Хуулийн байгууллагын зөвлөгөөнийг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Эрхэм зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Мэргэжил нэгт нөхөд өө,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая!
Юуны өмнө Олон улсын авлигын эсрэг өдөр зохион байгуулж буй хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Дэлхийн улс орнууд мөнгө угаах, хар тамхи болон хүн худалдаалах, зэвсгийн наймаа, авлига, терроризм зэрэг хор уршиг ихтэй, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд онцгойлон анхаарч, тэдгээрийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх чиглэлээр нэгдсэн арга аргачлал боловсруулан, үр дүн гаргахад чармайн ажиллаж байна.
Дээр дурдсан гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд эрх зүйн болон санхүү, эдийн засгийн өндөр түвшний мэдлэг, ур чадвар, туршлага шаардагддаг бөгөөд мэргэжлийн шинжээчдийн оролцоо чухал юм. Ялангуяа эрх мэдэлтэй “цагаан захтнууд”-ын үйлддэг авлигын гэмт хэрэг нь цаг хугацаа, хүч хөрөнгө шаарддаг, дотоод, гадаадын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үндсэн дээр илэрч шийдвэрлэгддэг онцлог гэмт хэрэг.
Ялангуяа мөрдөн шалгах чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна.
Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллаараа авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар шалгадаг боловч хавсарсан шинжтэй бусад гэмт хэргийг тухайлбал, мөнгө угаах, хууль бус санхүүжилт, сонгуулийн санал худалдаж авах зэрэг гэмт хэрэг нь хуулийн бусад байгууллагад харьяалагддаг.
Энэ утгаараа хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, амьд харилцаа нь гэмт хэргүүдийг илрүүлж, шалган нотлоход чухал үүрэгтэй. Гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулах, хурдтай ажиллахыг нийгэм, цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.
Гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг оффшор бүсэд байршуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэх зэргээр санхүүгийн бүтцийг өргөн хүрээнд ашиглан гадаад улсад нуун далдалж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, цаг хугацаа ихээхэн шаардагддаг.
Сүүлийн үед шалгагдаж байгаа Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд улс дамнасан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага мөн тулгарч байгааг энд дурдах нь зүйтэй.
Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартын хэрэгжилтээрээ Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага/ФАТФ/-ын саарал жагсаалтад орсныг та бид мэдэж байгаа. Энэ нь манай улс уг асуудлыг зохицуулж буй эрх зүйн орчноо эргэж харах, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын арга барилаа өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна. Эхний ээлжинд Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдлаа. Цаашид уг асуудлаар ойлголтоо нэгтгэх, хамрах хүрээг оновчтой тогтоох, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах болон хяналтын үйл ажиллагааг уялдуулах, технологийн дэвшилтэт арга хэрэгслийг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, олон улсын туршлага, практикаас нэвтрүүлэх ажилд ахиц гарган ажиллах шаардлагатай байна.
Авлигатай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Авлигын гэмт хэрэг гэсэн бүлэг байгаа бөгөөд гадаад улсын төрийн албан хаагчдыг хахуульдах, албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, дураараа аашлах, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг холбогдох зохицуулалт хуульд тусгалаа олсныг онцлон хэлмээр байна. Гэвч хэрхэн хэрэглэх болон хамрах хүрээ нь тодорхой бус байгаагаас эрч далайцтай ажиллаж чадахгүйд хүргэх сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй байна.
Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч, иргэд, олон нийт, хууль сахиулагчид зэрэг бүх түвшиндээ бодитой, үнэн зөв ойлголттой болох шаардлага байгаа нь харагдаж байна.
Хууль тогтоомжийг өөрт ашигтай байдлаар өөрчиилж, хууль тогтоомжоор давуу байдал олгосон гэж олон нийт бухимдаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нийтээрээ шүүн хэлэлцэж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж, гарцыг хаахыг нийгэм хүлээж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нотлох, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд өөрчлөлт хийх, цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн сантай болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд холбогдох төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь хамтын ажиллагааг сайжруулах нэг алхам хийгдэж байна гэж үзэж болно.
Нөгөө талаас, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад бодитой, үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллахыг хаа хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй байна. Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй орчин үеийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай байгаа. Нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахыг уриалж байна.
Хоёрдугаарт, сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэслээ. Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо.
Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор Авлигатай тэмцэх газраас санаачлан бусад байгууллагатай хамтран Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион байгуулж байна.
Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5-д зааснаар бид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж байна.
УЕП-ын 2017 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-т зааснаар хэрэгт хяналт тавьж буй прокурор эрүүгийн хэргийн нотлох баримтад дүгнэлт хийж, эргэлзээгүй нотлогдсон, хэргийг цаашид шалгаж шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаж, дээд шатны прокурорт танилцуулснаар олон нийтэд мэдээлж ирсэн ба хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглодог.
Үүнийг иргэд, олон нийт ойлгоогүйгээс хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаарддаг. Иргэд мөрдөн шалгасан эрүүгийн хэрэг, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, шүүхээр таслан шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг шалгасан, хянасан, шийдвэрлэсэн байгууллагаас нь авч дүгнэлт хийхийг илүүд үзэж байна. Энгийн жишээг дурдвал АТГ, цагдаагийн шалгасан, прокурорын шүүхэд шилжүүлсэн, шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тооноос дүгнэлт хийж, тухайн байгууллагуудад дүн тавьж байна. Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-т дурдагдсан эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх зааварчилгаа, журмыг хууль сахиулах байгууллагууд хамтран сууж, шинэчлэн боловсруулж, иргэдэд мэдээлэл давхардуулахгүй, бодит нөхцөл байдалд тулгуурласан мэдээлэл хүргэдэг болох нь зүйтэй.
Гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд хэрхэн мэдээлэх ажил шат шатандаа харилцан ойлголцож, тогтож хэвшээгүй, мэдээлэл хаалттай байгаа нь иргэдийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагад итгэх итгэл буурах үндсэн шалтгаан болж байна. Иймд холбогдох байгууллагууд гэмт хэрэг, зөрчлийн талаар цаг алдалгүй олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, ялангуяа мэдээлэл түгээх оновчтой арга хэлбэрийг тодорхойлж, нэвтрүүлж, хэвшүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.
Авлигын эсрэг хуульд албан хаагч авлигын талаархи мэдээллийг Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэгтэй байхаар, иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгч болохоор заасан ба мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах талаар зохицуулалт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэх үзүүлсэн иргэнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байна. Энэ чиглэлээр Авлигатай тэмцэх газраас Шүгэл үлээгч, мэдээлэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.
АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд тухайн нутаг дэвсгэр дэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөл ажиллаж байгааг мэднэ.
Хуулийн байгууллагуудын дэргэд ажиллаж буй орон тооны бус зөвлөлүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, уялдуулах замаар хууль сахиулах байгууллагын нэр хүнд, итгэлийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх боломж байгаааг дурдах нь зүйтэй.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах” зорилтын явц 36,8 хувьтай байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм аа. Иймд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2022 онд биелэлтийг нь бүрэн хангахын тулд хуулийн байгууллагуудын идэвх санаачилга, хамтын ажиллагаанд далайцтай өөрчлөлт хийж, ахиц гаргахад анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй хууль эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хуулийн байгууллагуудын бүх талын оролцоог хангасан, олон нийтэд энэ чиглэлээр үнэн бодит мэдээлэл, ойлголтыг өгөх ач холбогдолтой арга хэмжээ болно хэмээн үзэж байна. Ийм учраас Та бүхэн тавьж байгаа илтгэлд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ гэдэгт найдаж байна.
Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, хэрэглээнд оруулах, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд шинэ арга технологи, стандартуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, гэмт этгээдэд ял завших боломж олгохгүйгээр тохирсон ял шийтгэлийг оногдуулах зэрэг шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чанд сахин ажиллахаас бидний ажлын үр дүн шууд хамаарах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.