Японд жил бүр уламжлал болгон зохиогддог "Tsurukawa" богино хэмжээний кино уралдааны 2019 оны шилдгүүд тодорчээ. Уг кино наадмын сүүлчийн шатанд шалгарсан 24 бүтээлээс Гран при, хагас гран при шагналаас гадна есөн тусгай шагналт бүтээлийг тодруулжээ. Монгол Улсаас уг наадамд оролцсон найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" богино хэмжээний кино Мачинда хотын соёлын олон улсын солилцооны сангийн даргын нэрэмжит шагналыг хүртсэн байна.
"Tsurukawa" кино уралдаан нь 15 минут үргэлжлэх богино хэмжээний киног шалгаруулж, шагнал олгох олон улсын кино наадам юм. Энэ жилийн наадамд нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг сүүлийн шатанд үлдээж үүнээс ийнхүү 11 бүтээлийг шилдгийн шилдгээр шалгаруулжээ.
Найруулагч Ц.Дэнсмаагийн шагналыг Япон улсад ажиллаж, амьдарч буй "Зохист дорно" хэвлэлийн газрын захирал Х.Эрдэнэцэцэг гардан авчээ.