Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Францын алдарт Феникс циркийн тайзнаа "Нүүдэлчин" тоглолтоо хийх гэж буй Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалттай танилцлаа.
“Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд Феникс циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж буй "Нүүдэлчин" тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэх юм.
Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс "Нүүдэлчин" тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцоно.