Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн өмчийн их сургуулиуд сургалтын төлбөрөө 20-60 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

БСШУ-ы сайдад шинээр томилогдоод буй Л.Гантөмөр ажлаа хүлээж авсан даруйдаа буюу өчигдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчид болон хувийн дээд сургуулиудын холбооны удирдлагуудтай уулзав. Хэдийгээр амралтын өдөр хуралдсан ч боловсролын салбарт тулгамдаад байгаа олон чухал асуудлын талаар ярилцаж чадсан юм. Мөн сүүлийн үед нийгэм хамгийн ихээр чих тавин хүлээж буй оюутны сургалтын төлбөрийн хэмжээг сургуулиудын удирдлагууд сайдад танилцуулан өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, ХААИС 2012-2013 оны сургалтын төлбөрөө 49 хувиар нэмэхээр шийдвэрлэж. Тэдний хувьд өнгөрсөн жил 280 хүүхдийн дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулсан учир энэ жил томоохон засвар үйлчилгээ хийгдээгүй байна.
Харин СУИС энэ жил төлбөрөө бусад сургуулийг бодвол харьцангуй бага буюу 20-40 хувиар нэмэх болсноо дуулгав. Засварын ажил нь энэ долоо хоногт дуусна гэнэ. Эдгээрээс гадна Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн зам засвартай холбогдуулан их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлж болох эсэхийг асуусан захидлын талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр ихэнх их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр гарчихсан, орон нутгийн оюутнууд эхнээсээ хотод ирчихсэн учир боломжгүй гэсэн байр  сууриа шинэхэн сайд илэрхийлэв. Харин ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн нээлтийг их,  дээд сургуулиудынхаас зөрүүлж хийхээр болсон юм.


Энэ үер зарим сургуулийн төлөөллөөс тодруулга авсан юм.


С.Төмөр-Очир: Оюутнуудынхаа төлбөрийг 30-60 хувиар нэмнэ

/МУИС –ийн ректор/

-Сургуулийн засварын ажил хэр ахицтай байна вэ. Танай сургуулийн хувьд оюутнуудаа хүлээн авахад бэлэн үү?
-Хичээлийн шинэ жил юу юугүй эхлэх цаг дөхөж. Хичээлийн байруудад 400 орчим  сая төгрөгийн өртөгтэй урсгал засвар хийсэн. Ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Энэ сарын 25-н гэхэд бүрэн дуусаад оюутнуудаа хүлээж авахад бэлэн болно. Харин Завхан аймагт баригдаж буй оюутны дотуур байр есдүгээр сар гаргаад ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт удирдах зөвлөл хуралдаж төлбөрийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Ямар шийдэлд хүрэв?
-Удирдах зөвлөл хуралдаж оюутны төлбөрийг 30-60 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Энэ жил сургуулиуд өөрсдийн боломж бололцоогоо харгалзан үзээд сургалтын төлбөрөө нэм гэсэн яамнаас гаргасан тушаал бий. Бид бүхэн тал бүрээс нь бодолцон үзээд ийм хэмжээг тогтоосон. Үүнийгээ оюутны холбоонд танилцуулсан.


Б. Дамдинсүрэн: Сургалтын төлбөрөө хэдээр нэмэхээ эцэслэн шийдээгүй

/ШУТИС –ийн ректор/

-Танай сургуулийн төлбөр энэ жил хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
-Манай сургуулийн удирдах зөвлөл хуралдсан хэдий ч эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байна. Ерөнхийдөө төрийн өмчийн их сургуулиудын жишгээр нэмнэ. Мөн холбогдох яам, Засгийн газартай ярилцаж байгаад шийдвэрлэнэ.

-Нэгдүгээр курсийн хүүхдүүдээ бүртгэж байсан. Төлбөр эцсийн байдлаар гаргаагүй байхад ямар нэгэн асуудал үүсэхгүй юу?
-Манай сургуулийн хичээл бусад сургуулиас түрүүлж эхэлдэг. Нэгдүгээр курст шинээр элсэн орч байгаа хүүхдүүдээс урьдчилгаа болгож зургаан зуун мянган төгрөг авсан. Үлдсэнийг нь төлбөр тодорхой болсон хойно гүйцээж төлүүлнэ.

-Сургуулийн засвар хэдэн хувьтай явж байна вэ?
-Засвар үйлчилгээ энэ сарын 23 –нд дуусна. 90 гаруй хувьтай явж байна. Ямар нэгэн асуудал гарахгүй байх аа.

-Хурлаар чанартай, мэдлэгтэй оюутан хэрхэн бэлтгэх талаар нэлээд ярилцлаа. Энэ тал дээр ШУТИС –ийн байр суурийг сонирхож болох уу?
-Чанаргүй олон хүүхэд төгсгөж байснаас чанартай цөөнийг төгсгөх нь чухал гэж үзэж байна. Оюутны тоог цөөлж шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй.


Д.Ням – Осор: Хувийн дээд сургуулиуд төлбөрөө 15 хувиар нэмсэн

/Хувийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүн, ИЗИС захирал/

-Та бүхний зүгээс өнөөдөр ямар асуудлыг хэлэлцүүлэв?
-Багш боловсон хүчний байр, орон сууцны асуудлыг хэлэлцүүллээ. Төрийн өмчид сургуулийн багш нар л байрны квотод ордог. Үнэндээ хувийн сургуулиудын багш нарын амьжиргаа тааруухан байдаг. Сарын цалингаараа л амьдардаг хүмүүс шүү дээ.

-Ирэх хичээлийн жилд хувийн их, дээд сургуулиудын холбоонд хамрагддаг сургуулиуд хэдэн төгрөгийн төлбөр авах бол. Нэмсэн үү?
-Бусдын жишгийг хардаг. Зах зээлийн аясыг дагахгүйгээр нэмчих юм бол бидэнд оюутан олдохгүй шүү дээ. Тиймээс хувийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөл хуралдаад төлбөрөө 14-15 хувиар л нэмэхээр болсон.

0 Сэтгэгдэл
mnhn
Ингэж нэмэгдээд байвал гадны улсад газар vзэнгээ боловсролоо дээшлvvлсэн нь дээр юм байнадаа.
Хамгийн их уншсан