Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ГАНЗОРИГ: Чи чадна, чи ялна

Дэлхийн үндэстэн угсаатныг нэгэн дээвэр дор, эв найрамдлын дунд нэгтгэж чаддаг спортын хамгийн томоохон нь болох олимпын наадам өндөрлөөд багагүй хугацаа өнгөрчээ. Лондонгийн олимпын наадамд манай шилдэг 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж таван медаль хүртсэнээс улсаа төлөөлөн оролцон дөрвөн ширэн бээлийтний хоёр нь олимпын мөнгө, хүрэл медаль хүртэн бахдам амжилт үзүүлсэн. Тамирчдын амжилт гаргах нөхцөл байдалд хамгийн ихээр нөлөөлсөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Монголын олимпын боксын холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч  Д.Ганзориг багшийг энэ удаагийнхаа зочны хойморьт урьж ярилцлаа.

-Багш, дасгалжуулагчид дөрвөн жилийн хүч хөдөлмөрөө олимпын наадмаар үнэлүүлдэг. Энэ жилийн олимпын наадамд шавь нар тань үнэхээр илүү байж олимпын хоёр ч медалийг эх орондоо авчирлаа?
-Үнэхээр сайхан байна. Ямарваа их ажлын цаана нь гараад хийсэн зорьсон зүйл нь бүтэмжтэй байх сайхан л байдаг юм байна.

-Холбооны ажилчид багш, дасгалжуулагчид олимп дөхсөн цаг үед шинэчлэгдсэн. Таны хувьд ч үнэхээр хариуцлагатай үед шигшээ багийг удирдаж эхэлсэн нь хүндхэн байсан нь лавтай?
-Тэгэлгүй яахав. Олимп маш ойрхон байсан үед ахлах дасгалжуулагчийн албыг аваад үнэхээр яана даа гэсэн бодол төрж байлаа. Гэтэл тэр цаг хугацаа өнгөрөөд ард нь гарчихсан сууна. Хүүхдүүд маань үнэхээр сайхан амжилт үзүүлж, тоглолоо. Багш, дасгалжуулагч хүний хувьд баярлаад ч ханахгүй байгаа шүү.

-Манай монголчууд их давруу шүү дээ. Одоо танаас болон шигшээ багаас үүнээс илүү амжилт нэхэх нь гарцаагүй?
-Тийм ээ. Хамгийн гол нь баг тамирчдаа  илүү амжилт гаргах нөөц бололцоо юу байна, тэр бүгдэд чиглүүлэх нь миний үүрэг. Тэгэхээр илүү хариуцлагатай ажиллах байх.

-Лондонгийн рингэнээс У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт гавьяат медаль хүртсэнээс гадна олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, ОУХМ Н.Түвшинбат ч гэсэн сайн тулалдсан.  Ингэхэд илүү олон тамирчин олимпод өрсөлдөх боломж байсан уу?
-Эрх олгох тэмцээн уралдаанд амжилттай байж, дөрвөөс илүү тамирчин маань олимпод хүч үзэх нөөц бололцоо бидэнд байсан. Ялангуяа 56, 60 кг-д. Гэхдээ тэр үед яагаад ч болж өгөөгүй юм. Нэгэнт өнгөрсөн зүйлийг одоо ярих нь утгагүй байх.

-Ард түмэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбаас медаль хүлээж байсан ч нэг л болж өгсөнгүй?
-Тийм л дээ. Их амжилт хүлээхээс ч аргагүй тамирчин. Өмнөх олимпоос  алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн. Тийм учраас илүү их зүйл хүлээж байсан нь гарцаагүй. Яах аргагүй алтан медаль хүртэх тамирчин гээд хүлээж байтал эхний тулаанд хийлж хоёр дахь тулаандаа ялагдал хүлээчихээр ард түмний сэтгэл  гонсойх нь аргагүй юм.

-Миний мэдэхийн 10 гаруй жил 49 кг-д тулалдаж байна. Байнгын жин хасч байгаа нь нөлөөлөөд байна уу?
-Тийм ээ. Энэ олон жил  яаж бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож биеэ зовоож байгааг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Түүнийг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүнд  ялалт, ялагдал ээлжиж л байдаг. Лондонгийн олимпын наадамд жин их хассан. Мөн  нас нь нэлээн явж ахмад тамирчдынхаа тоонд ороод эхэллээ. Боксын спорт залуу насных. Шинэ залуу тамирчид ч жинд нь хүчтэй түрэн гарч ирж байна. Уг нь ч өөрөө ялах бүрэн эрмэлзэлтэй байсан л даа. Гэтэл яагаад ч болж өгсөнгүй.

-Үүнтэй холбогдуулаад асуухад Н.Төгсцогтын жин бас хэцүү байгаа. Дээшээ жин өсч тоглохгүй бол болохгүй нь гэж байсан?
-Манай  Төгсөө өөрөө залуу тамирчин. Дөнгөж л 20 настай. Их ирээдүй хүлээж байна. Бие нь өсөөд байдаг, жин маш ихээр хасах шаардлагатай болоод байна. Бас л 8-9 кг хасаад хоолоо удаан барихаар тамирчин хүний амжилт их буурдаг юм.

-Тэгэхээр хэдэн кг руу жин өсч тоглох вэ?
-2013 оноос 56 кг-д тоглох байх.

-Лондонгийн олимпын аваргын төлөө тоглохдоо ямар алдаанаас болоод хожигдол хүлээчихэв ээ?
-Өөртөө маш их хариуцлага үүрчихсэн гарч ирсэн. Энэ нь нөлөөлсөн байх.

-Н.Төгсцогтыг хамгийн анхлан спортод хөл тавиулсан анхны багш нь олимпын бэлтгэлийн үеэр ажиллаж байсан. Ингэж бэлтгэл хийлгэх нь илүү үр дүнтэй юү. Эхнээс нь арга барилыг нь заагаад өгчихсөн болохоор хамтарч ажиллахад амар байдаг байх?
-Олимпын цугларалтад гарахдаа тамирчдынхаа анхны багш нарыг авч гарсан. Энэ нь тухайн тамирчдад ч маш хэрэгтэй байдаг юм.

-Монголчууд У.Мөнх-Эрдэнээр бахархаж байна л даа. AIBA буюу олон улсын боксын холбооны тэмцээн бүрээс медаль хүртлээ?
-Бахархахаас аргагүй тамирчин л даа. Энэ олон жил боксын спортоор тулалдаж гурван ч удаа олимпын наадамд оролцоно гэдэг үнэхээр бахдмаар том амжилт. Ингэж тэмцээн уралдаанд оролцож биеэ бэлтгэж байна гэдэг ясны сайн тамирчин хүний шинж. Үнэхээр зүтгэлтэй байсны эцэст ард нь гарч энэ том амжилтын эзэн боллоо.

-Эзэн орны тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдаад ялахад бүсэлхийнээс доош хориотой цохилт хийсэн гээд шалгуулсан гэсэн. Энэ асуудал юу болсон юм бэ?
-Английн тамирчин хожигдчихоод доогуур цохисон цохилттой холбон торгууль өгсөнгүй гэдгээр шалгуулсан юм билээ. Үүний дагуу олимпын комисс шалгаж ямар ч үндэслэлгүй зүйл  гэдэг дээр хатуу  байр суурьтай зогссон. Ингэснээр  Монголын тамирчин яах аргагүй ялсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

-Лондонгийн олимпод манай улсын хөгжөөн дэмжигчид маш олон харагдаж байсан. Заалаар дүүрэн “Mongolia” хэмээн дэмжихэд цэнхэр дэлгэцээр үзээд сууж байгаа бид ч  их баярлаж, сэтгэл хөдөлж байлаа. Тухайн орчинд нь байсан хүнд илүү сайхан байсан нь гарцаагүй байх?
-Сайхан байсан. Өнгөрсөн олимп манай улстай ойр болсон болохоор хөгжөөн дэмжигч олонтой байсан. Гэтэл бид энэ удаад хүн цөөтэй байх болов уу гэтэл маш олон хүн биднийг дэмжихээр ирсэн байсан.

-Мөн тэмцээн зохион байгуулагч англичууд та бүхнийг дэмжиж байгаа нь сайхан харагдсан?
-Тэд өөрсдөө боксын спортод их мэдрэмжтэй ханддаг, дэмждэг. Тиймээс өөрсдийнхөө мэдрэмжээр сайн тамирчдыг дэмжиж байгаа нь л тэр байсан болов уу.

-Та олимпын рингэнд шавь нараа дасгалжуулж байхдаа маш тайван харагдаж байсан?
-Багш хүн өөрөө шатаад уурлаад байвал тамирчид  ч ялгаагүй болчихдог юм. Тиймээс аль болох тайван, хүүхдэдээ тухайн үеийн тулаанд нь тохирсон тактикийг нь хэлж өгөх үүрэгтэй.

-Ганцхан минутын хооронд эгзэгтэй үеийг өөрчилж чиглүүлэх нь таны үүрэг юм шиг?
-Тэгэлгүй яахав.

Тулааны спортын тамирчид сэтгэлзүй асар өндөр байх хэрэгтэй юм шиг. Гэтэл манайд  мэргэжлийн сэтгэлзүйч, дасгалжуулагч байдаггүй?
-Манайд спортоор дагнасан сэтгэлзүйч байхгүй нь жаахан асуудалтай. Тэгэхээр багш хүн өөрөө л шавьдаа сэтгэлзүйч нь байх хэрэгтэй.

-Тэгвэл та энэ тал дээр хэрхэн ажилладаг юм бэ?
-Тухайн тамирчдыг урамшуулж ямарваа нэгэн тэмцээн уралдаанд, өрсөлдөгч нь хэн ч байсан “Чи чадна, ялна” гэдэг үгийг өөртөө итгэлтэй тулалдах хүртэл нь хэлж зөвлөдөг. Мөн өөрийнх нь зан аашинд нь хүртэл тааруулж ажиллах хэрэгтэй байдаг юм.

-Лондонгийн эрхэмсэг олимпод таван тамирчин медаль  хүртсэнээс хоёр нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин. Ер нь энэ клубийн тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөж байна. Тамирчдын ар тал сайн байсны хүчинд амжилт маш ойрхон байдгийг харуулж чадаж байна?
-Үнэхээр маш олон шилдэг тамирчин энэ клубээс, энэ үйлдвэрийн хүчинд хүч түрэн гарч ирж байна. Энэ үйлдвэрийн буянд маш олон тамирчин амжилт гаргаж байна. Бидний хувьд энэ үйлдвэрийн удирдлага, ажилчдад үнэхээр баярлаж явдаг. Дээр нь Засгийн газар тамирчид руу анхаарлаа чиглүүлж ажиллаж чаддаг болжээ. Биеийн тамир спорт газар ч үнэхээр сайн ажиллаж байгаагийн тод илрэл олимп, дэлхийн тэмцээн бүрт харагдаж байна.

-Дэлхийн хэмжээнд тамирчдаа бэлтгэж, бэлтгэл сургуулилт хийх бүхий л нөхцөлөөр нь хангаж чаддагт  тамирчид ч гэсэн сэтгэл өндөр явдаг юм билээ?
-Баярлахаас өөр аргагүй хүмүүс л дээ. Бид бүгдээрээ сэтгэл өндөр явдаг. Энэ дашрамд баярлаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй байх.

0 Сэтгэгдэл
Маш том амжилт Лондонгоос медальтай ирдэг. Таньд улам их амжилт хүсээд олон шавь нараа дэлхийд цуутай тамирчид болгоорой
Хамгийн их уншсан