Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Түүхт ойтойгоо золгосон геологичид, судлаачид маань өнгөрсөн 80 жилийн түүхэн хугацаанд олж мэдсэн мэдлэг, судалж шинжилсэн судалгааны үр дүн, бүтээж туурвисан ном товхимол, хийсэн ажлынхаа ололт амжилтаа энэ өдрүүдэд танилцуулж байна.
Харин өнөөдөр Уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Төр нийгмийн зүтгэлтэн, Геологи, Уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц гуай “Хурц амьдрал” хэмээх гурван боть номынхоо нээлтийг ШУТИС-ийн Геологийн эрдэс баялгийн музейд хийж, мэргэжил нэгт нөхөддөө номын дээжээсээ өргөн барив.
Шинэхэн номоо өлгийдөн авсан Ч.Хурц гуай номынхоо талаар ярихдаа “Ном бичих ажлаа хоёр жилийн өмнө эхлүүлж байлаа. Монголынхоо геологичдын олж илрүүлсэн ашигт малтмал, цаашид ойрын 30 жилд улс орон маань яаж хөгжих ёстой вэ гэдэг төсөөллөө энэхүү номондоо бичсэн.
Мөн өөрийнхөө туулсан амьдралыг бусдад үлгэр дуурайлал болог гэдэг үүднээс бичсэн байгаа. Ер нь бол өнөө үе, ирээдүй хоёроо гол сэдэв болгон бичлээ. Одоо ингээд номоо эргээд харахад үр хүүхэддээ өвөө үлдээжээ гэдэг сэтгэгдэл төрж байна. Гэхдээ энэ өв ганцхан миний хүүхдүүдэд үлдэхгүй.
Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч нь манлайлах үйлдвэр байх юм. Манлайлах үйлдвэрийг 100-гаас дээш жилийн нөөцтэй ордыг түшиглэж барьдаг уламжлалтай. Тийм нөөц нь Монголд байна. Ямар үйлдвэрүүд барих ёстой талаар номондоо оруулж өгсөн. Монголын хойч үедээ зориулж бичсэн болохоор үеийн үед хүүхэд залуус маань үзэж, харж бахархаж явах болтугай.
Миний ажилласан арга барил залуу геологичдод үлгэр дуурайлал болно. Тэдний ширээний ном болгох гэж бүхий л үйлдлээ бичсэн” гэлээ.
Харин номын талаар түүний дунд охин Газрын тос боловсруулах үйлдвэрийн Захиргаа, хуулийн албаны дарга Х.Оюунцэцэг “Аав маань гурван боть ном гаргасан. Эхний номонд нь өөрийнх нь бага нас, монгол ахуйн талаар бичсэн түүх нь багтсан. Хоёрдугаар боть болох Төр түмний үйлсэд номонд нь хэрхэн геологич болсноос нь эхлээд Монголын геологийн салбарын 80 жилийн түүх багтсан. Гурав дахь ботид хэвлэл мэдээлэлд өгч байсан ярилцлагууд, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, мөн уул уурхайн салбарт төрөөс ямар бодлого баримталж байх ёстой юм, улс орон маань хэрхэн хөгжиж болох талаарх өөрийнх нь саналууд багтсан байгаа” гэв.
Гурван боть номын нээлтийн үеэр мэргэжил нэгт нөхөд нь “Хурц” нэртэй сан байгуулснаа ч мөн зарлав. Геологи, уул уурхай бол манай улсын хувьд тэргүүлэх салбар. Тэгвэл энэхүү салбарт хүчин зүтгэж байсан үе үеийн болоод залуу геологичдынхоо бүтээлийг дэмжих зорилгоор энэхүү санг байгуулсан байна.
Энэхүү санд Ч.Хурц гуай өөрийн зүгээс 10 сая төгрөг хандивласан бол түүний үр, хүүхдүүд нь нэг сая төгрөгийн хандив өргөж буйгаа энэ үеэр дуулгасан юм.