Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2019 оны Физикийн салбарын Нобелийн шагналын эзэд тодорлоо

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос 2019 оны физикийн салбарын шагналыг манай ертөнцийн хувьсал болоод огторгуйд эзлэх дэлхийн байр суурийг тодорхойлсон хувь нэмрийг нь үнэлж гурван эрдэмтэнд хоёр хуваан олгожээ. Үүнд нэг хагасыг “космологийн онолын нээлтүүд”-ийг нь үнэлэн АНУ-ын Принстоны Их Сургуулийн профессор Жеймс Пиблзэд, нөгөө хагасыг “нар төст одыг тойрон эргэх гаргийн нээлт”-ийг нь үнэлэн Швейцарийн Женевын Их Сургуулийн профессор Мишель Майор ба Швейцарийн Женевын Их Сургууль болон Их Британийн Кэймбрижийн Их Сургуулийн профессор Дидье Келоз нарын дунд олгожээ.


Энэ жилийн шагнал хүртсэн нээлтүүд нь хэдий судалгаа болон сэдвийн хүрээнд эрс өөр мэт байвч, бидний орчлон ертөнцөд байх байр суурийг хэлж өгсөн нээлтүүд юм.

Маргааш буюу аравдугаар сарын 10-нд  утга зохиолын Нобельтны нэр зарлагдана.

КОСМОЛОГИЙН НЭЭЛТҮҮД

2019 физикийн Нобелийн шагналын нэг хагасын эзэн Профессор Жеймс Пиблзийн космологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их. Тэрээр 1960-аад онд орчлон ертөнцийн талаарх онолын судалгаагаа эхэлсэн бөгөөд тухайн үед орчлон ертөнцийн хэмжээ болоод насны тухай зөвхөн таамаглал төдий зүйлс л байсан бөгөөд аль нэг таамгийг батлах эсвэл үгүйсгэхэд хангалттай ажиглалт, судалгаа байгаагүй юм. 1964 онд хоёр радио астрономич Арно Пензиас болон Роберт Вилсон нар санаандгүй байдлаар орчлон ертөнцөөр бүхэлд нь тархсан микро долгионыг бүртгэж авсан ба энэ нь сансрын дэвсгэр цацраг юм. Энэ үед сансрын дэвсгэр микро цацрагийн тухай Профессор Жеймс Пиблз болон бусад судаалчдын онолын тооцоонуудыг олж хартлаа эрдэмтэд ихэд гайхширцгааж, учрыг нь олохгүй байжээ. Профессор Жеймс Пиблз болон түүний хамтрагчид уг Их Тэсрэлт болсноос 400,000 жилийн дараах үлдэгдэл цацрагийг урьдчилан таамагласан юм. Сансрын дэвсгэр микро цацраг нь огторгуйн бүх зүгт нэгэн адил тархсан байдаг ба абсолют 0 температураас хэдхэн градусаар яльгүй их. Гэвч туйлын жигд биш бөгөөд Профессор Жеймс Пиблзийн тооцоогоор маш бага өөрчлөлттэй хэсгүүд байх ёстой бөгөөд уг өөрчлөлттэй хэсгүүдэд матери хуралдсан бүтцийг үзүүлэх ёстой. Уг бүтэц нь эцэстээ одод, галактикууд, болон галактикуудын бөөгнөрөл – кластерууд болж таарсан юм. 1980 оны эхээр Профессор Жеймс Пиблз орчлон ертөнц ердийн материтай харилцан үйлчлэлд ордоггүй ч гравитацийн үйлчлэл нь галактик болон кластеруудыг татаж байдаг үл үзэгдэх харанхуйн материар дүүрсэн байдаг гэсэн таамгийг гаргажээ. Хэдэн жилийн дараа тэрээр өөрийн онолын загвартаа Эйнштэйний хамгийн том эндүүрэл хэмээн хаясан байсан космологийн тогтмол буюу хожмоо харанхуйн энерги хэмээх хэмжигдэхүүнийг оруулж өгсөн. Эйнштэйн уг тогтмолоо ертөнцийг статик, хөдөлгөөнгүй тогтвортой гэж үзэн гравитацийг тэнцвэржүүлэхийн тулд оруулж ирсэн юм. Гэвч орчлон ертөнц тэлж буйг астрономичид ажигласан. Профессор Жеймс Пиблз уг тогтмолыг арай өөр байдлаар ашигласан бөгөөд орчлон ертөнцийг тухайн үед бодож байснаас хавьгүй бага материтай гэдгийг харуулахад зорьж байсан юм. Сүүлийн үеийн судалгаануудаас харагдаж байгаачлан биднийг төдийгүй од гараг, галактикуудыг бүрдүүлэгч ердийн матери нь орчлон ертөнцийн нийт материйн ойролцоогоор 5 хувь бөгөөд үлдсэн 95 хувь нь харанхуйн матери болон харанхуйн энергиэс тогтдог гэдэг нь ажиглагдаж байна. Профессор Жеймс Пиблз сансрын дэвсгэр микро цацрагаас эхлэн түүнээс хойшхи космологийн бүх л том нээлтүүдэд оролцсон хүн билээ.

ГАРАГ АНГУУЧЛАЛ

2019 физикийн Нобелийн шагналын эзэд болох Мишель Майор ба Дидье Келоз нээлт ч мөн гайхалтай. Бусад оддын орбитыг гаргууд тойрдог тухай астрономичид эртнээс л таамаглаж байлаа. Гэвч 30-аад жилийн өмнө ямар ч тийм гараг ажиглагдаагүй байсан юм. 1992 онд астрономичид нарны аймгаас гаднах анхны гаргуудыг олсон боловч тэд мөхсөн одыг тойрч байсан ба амьдрал байх ямар ч боломжгүй гаргууд байв. Зарим астрономичид гайхшран магадгүй гарагтай од үүсэх нь асар ховор бөгөөд манай нарны аймаг бол ийм асар ховор системийн нэг гэж үзэж байлаа. Дидье Келоз докторын оюутан байхдаа профессор Мишель Майорын дор ажиллаж байсан ба хайлт хийх ажиглалтын багажаа угсарч, софтвар бичиж бичиж байсан үе юм. Хэрэв тэд гараг олвол шууд ажиглаж чадахгүй, харин тухайн одноос ирэх гэрэлд үелэн дайвалзах бүтэц ажиглагдах ёстой байв. Гол учир нь гаргийн гравитаци одыг татах бөгөөд үүнээс үүдэх нааш цааш хөдлөх хөдөлгөөн нь одны гэрлийн долгионы уртыг өөрчлөх ёстой. Яг л машины дуут дохио ойртож ирэхдээ чангарч, холдон явахдаа бүдгэрдэг шиг. Гэхдээ гараг нээсэн явдал Дидье Келозыг бүр докторын зэргээ авсны дараа болсон юм. 1994 онд доктор Дидье Келоз тогтворгүй хөдөлгөөнтэй бүтцийг үзүүлсэн одыг олсон бөгөөд тэр од нь 51 гэрлийн жилийн зайд орших манай нартай төстэй 51 Пегаси од байжээ. Уг одны системийн гараг нь хэмжээгээрээ Бархасбадь гарагтай ойролцоо бөгөөд өөрийн одоо 4 өдөрт бүтэн тойрдог ажээ. Энэ нээлтэндээ доктор Дидье Келоз нэг л итгэлгүй байсан бөгөөд сайн нягтласны эцэст, энэ зуур амралтаа аваад байсан доктор Мишель Майорт факс илгээсэн байна. Ингээд тэд дахин ажиглахад яг ижил бүтэц илэрч байв. Ингээд 1995 оны 10-р сарын 6-нд нээлтээ зарлажээ. Хэдий уг гарагт амьдрал байх ямар ч боломжгүй байсан ч астрономичдад манай нарны аймагтай төсөөт одны системийг судалж болох арга замыг нээж өгсөн юм. Уг хоёр эрхмийн нээлтээс хойш манай Тэнгэрийн Заадас галактикт 4,000 илүү гараг олдоод байгаа билээ. Нарны аймгаас гадуурх гаргуудыг хайх маш олон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт бид өөр гараг дээр амьдрал олж тун магадгүй юм.
Ийнхүү энэ жилийн физикийн шагнал шинжлэх ухааны онолын болон ажиглалт, туршилтын аль аль талыг хамруулж чадлаа. Нобелийн шагналыг зарлах хурлын үеэр Профессор Жеймс Пиблз “Ажиглалтгүйгээр онол бол хоосон. Бид онол болон ажиглалтыг хоорондын харилцаан дээр оршиж байдаг” хэмээн хэлсэн байна.

Нийтлэлийг бичсэн:
Л. Мөнхжаргал
Физик Технологийн Хүрээлэн - Эгэл бөөм цөмийн физикийн салбар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан