Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Түмэн газрын цайны зам”-ын түүхээр аялаарай

Түүхэнд янз бүрийн соёл иргэншлийг холбож байсан худалдааны зам олон бий. Эртний замуудын нэгд яах аргагүй “Цайны зам” ордог бөгөөд тухайн цаг үедээ Монголын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлж байсныг түүхийн хуудаснаас бэлхнээ харж болно. Цайны замыг орос хүн “Аугаа их цайны зам”, хятад хүн “Түмэн газрын цайны зам” хэмээн нэрийддэг билээ.

Тэвэл “Түмэн газрын цайны зам” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээ буюу Хятад, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний нэг эд эс болон гарч буй нь энэ.

Цайны замын гол үндсэн шугам нь Хятадын Ү-Ишань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон суурин тосгодыг дамжсаар өнөөгийн Хеххот орчмын нутаг, Эрээн муур, Сайр ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч, Оросын нутгийн гүнд хүрч байв. Өөрөөр хэлбэл, цай нийлүүлэгч нь Хятадын цайны тариалан эрхлэгч нар бөгөөд худалдаачид, дамжуулан тээвэрлэгч нь Монголын жинчид, гол хэрэгцээ нь Оросын худалдаачдаар дамжих Орос хийгээд Европын хэрэглэгчид байсан гэдэг.

Энэхүү зам нь “нийт 13 мянган км газрыг туулдаг байснаас гадна 300 жилийн хугацаанд Евроазийн эх газрын эдийн засаг, худалдаа болон соёлын солилцооны гол зам болсон төдийгүй мөн дорно өрнийн бараа бүтээгдэхүүн солилцох, хамтаар хөгжилд хүрэх жишиг болсон” хэмээн үзэсгэлэнгийн танилцуулгад дурдсан байна билээ.

Түүгээр ч зогсохгүй Монгол, Орос, Хятад улсын аялал жуулчлалын хамтын хөгжлийг ахиулах зорилгоор 2016 онд  гурван улсын салбарын сайд нар “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог албан ёсоор байгуулсан байдаг аж.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зургадугаар сард гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын хурал болон “Түмэн газрын цайны зам” нэртэй соёл аялал жуулчлалын экспо Хятадын ӨМӨЗО-ы Улаанцав хотод болж өнгөрчээ. Энэ мэтээр “Түмэн газрын цайны зам”-тай холбоотой олон сонирхолтой мэдээллийг агуулсан тус үзэсгэлэн энэ сарын 6-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. Үнэ төлбөргүй гарч буй үзэсгэлэнгээр ороод гарахаа мартуузай.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан