“Монгол-Хятадын ЭСКПО” гурав дахь удаагийн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл ӨМӨЗО-ы Хөх Хот, Улаанцав, Тунглио хотод болно. Хөх хот, Улаанцав хотод албан ёсны нээлтээ хийсэн энэхүү экспо нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.
Нээлтийн ажиллагаанд Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож буй бөгөөд Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байгаа аж.
Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэмээх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрджээ. Экспогийн арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Тодруулбал, төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК, УБТЗ ХНН, МИАТ ХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Мөн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож, Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж, экспортлох боломжийг судлах нь. Тэдний 50 нь томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж юм.
2015, 2017 онд болсон ЭКСПО-гоор давхардсан тоогоор 700 орчим ААН нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. Энэ удаад Хөххот, Улаанцав 2 хотноо болж байгаа тул энэ амжилтаа эвдэнэ гэсэн хүлээлттэй байна гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ.
Цаашид хоёр улсын хуралдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зэрэг манай Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү экспо арга хэмжээ чухал ач холбогдолтой.
Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.