Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН, Мобиком корпорацтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Санамж бичигт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурав. Талууд УБТЗ-ын мобикомын хэрэглэгчид тусгай хөнгөлөлттэй багц, бүтээгдэхүүн үйлчилгээг эдлэх, сар бүр үүрэн холбоондоо зарцуулж буй зардлаа бууруулж хэмнэх боломжийг судалж ажиллахаар тохирлоо.
Мөн томоохон 8 тулгуур өртөөний Wi Fi сүлжээг сайжруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, интернэтийн үйлчилгээ авч байгаа салбар нэгжүүдийн үнэ тарифыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг судалж үзэхээр тохиров. Талууд санамж бичигт тусгасан тодорхой чиглэлүүдийг судалж үзсэний эцэст тухай бүр тодорхой асуудлаар гэрээ хэлцэл хийж эцэслэн шийдэх юм.