Дараа нь “Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагссан юм. Мөн УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парад Зорчигч тээврийн төв буудлын урд замд боллоо.
Энэ өдөр мөн баярт оролцогч зочид төлөөлөгчид, төмөр замчид УБТЗ-ын түүхийн музейг үзсэн юм. Энд 1945 оны Монголын Төмөр замын тээврийн анхны уурын зүтгүүрээс эхлээд Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг 1949 оны өвөл улсын хилээр орж ирж буй, мөн 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж БНХАУ-аас анхны галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй зэрэг түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан нь Монголын төмөр замын хөгжлийн түүхийг харуулсан товчоон болон үлджээ.
Анх 1938 онд Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинат- Налайхын уурхайн хооронд Монголын анхны 43 км төмөр замыг тавьж ашиглалтанд оруулснаар Монгол Улсад өртөөнөөс өвлөж ирсэн Төмөр замын салбар анхны шангаа татан үүсч хөгжсөнийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа ойн баярын энэ өдөр дурсаж байв. УБТЗ ХНН байгуулагдсны түүхт 70 жилий ойн баярын ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон ойн хүндэт зочин УБТЗ ХХН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар оролцлоо.