Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази номхон далайн бүсийн 4-р конгресс нээлтээ хийлээ. Тус конгрессыг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа билээ. Конгресст Ази Номхон далайн бүс нутгийн 43 орныг төлөөлсөн 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн хамгааллын салбарт тэдэнтэй хамтран ажиллагч Төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцож байна. Конгрессыг нээж, ХНХ-ын сайд С.Чинзориг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ өөрийн орны сайн туршлагаас хуваалцахаар хуран чуулсан оролцогчдод мэндчилгээ дэвшүүлээд, Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэж, тэдний тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцэж, харилцан туршлага солилцох боломж олгодог конгрессын үйл ажиллагаанд амжилт хүслээ. МУ-ын Ерөнхий сайдын У.Хүрэлсүх конгрессын оролцогчдод хандаж, үг хэлэхдээ “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага, сургамж арвин бий. Бас та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч, бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Чухам ийм зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн 4-р конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй” гэж онцоллоо.
Мөн энэ үеэр Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн тэргүүн доктор Тэж Буннаг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.
Анх 2008 онд зохиогдож байсан энэхүү конгресс өдгөө 4 дэхь удаагаа зохиогдож цар хүрээгээ тэлсээр байна. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олны дунд сэргээн засах чиглэлийг баримтлан улс орнууд нийгмийн бодлогодоо тусгадаг байсан бол өдгөө энэ удаагийн конгрессоор дамжуулан хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагыг эрхэмлэж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээх ойлголт дангаар орших нэг асуудал биш хамт олны дунд хамтран хөгжих боломж болж байгааг конгрессын оролцогчид хэлж байлаа.
Тухайлбал Филлипин орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бодлого, төсөв гэж байдаггүй. Харин тэднийг оюуны болоод биеийн эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлгүй иргэдтэй нэгэн адил авч үзэн нийгмийн асуудлыг тэнцвэртэй шийддэг туршлагынхаа талаар сэтгүүлчидийн асуултанд нээллтэй хариулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд биш харин энгийн дунд сургуульд сургаж, нас, сэтгэхүй, хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн тухайн хүүхдийг хөгжүүлж нийгэмшүүлдэг талаар ярьсан юм.
Хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, харилцаа хандлагын эерэг өөрчлөлтийг бий болгоно. Гэвч энэ нь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс шууд шалтгаалах биш харин тэднийг хүрээлэн буй олон нийтийн харилцаа хандлагаас шууд шалтгаална. Тиймээс тэд өөрсдийгөө ойлгуулах гэхээс илүүтэй бид буюу олон нийт тэднийг ойлгодог сонсдог, ярилцдаг болох учиртайг Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани илтгэлдээ дурдсан.
Конгрессын үндсэн илтгэлүүд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа” сэдвийн дор “МУ-дахь хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн туршлага” илтгэлийг АИФО олон улсын байгууллагын төслийн удирдагч Францеска Ортали, “Тосгон дахь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа нь амьжиргаанд нөлөөлж буй сайн туршлага” илтгэлийг CBM байгууллагын ОУ-ын амьжиргааг дэмжих асуудал эрхэлсэн зөвлөх Хуберт Шефирт, “Хэнийг ч орхигдуулахгүй байх: ОУ-ын хөдөлмөрийн байгууллага- Глобал бизнес болон хөгжлийн бэрхшээлийн сүлжээ” илтгэлийг ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн шинжээч Парисара Лиевкит нар тус тус тавьсан байна.
Конгрессын үйл ажиллагаа салбар хуралдаанаар үргэлжилсэн.