Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форумыг өчигдөр Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д зохион байгуулав. Гурав дахиа болж буй энэхүү форумын ачаар Монгол Улсын нутгаар дамжин тээвэрлэгдэх ачааны хэмжээ өсөж, нэн ялангуяа манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгджээ. Тухайлбал, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аяласан байна. Манай улсад чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай хамтын ажиллагааны үр өгөөж болоод цаашдын хөгжлийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сүүлийн жилүүдэд хөрш орнууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай боломж бүрдэж байна. Энэхүү боломждоо тулгуурлаад УБТЗ ямар арга хэмжээнүүд авахаар зэхэж байгааг сонирхмоор байна?
-УБТЗ Монгол Улсын нийт ачаа эргэлтийн үүргийг дангаараа гүйцэтгэж байгаа. Энэ үзүүлэлт нь төмөр замын тээвэр манай улсын хувьд ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байна. Өнөөдийн байдлаар УБТЗ-ын нэвтрүүлэх, тээх чадварын хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Одоогийн байдлаар хамгийн гол зорилт бол техник, технологийн шинэчлэл хийж байж нэвтрүүлэх чадвараа дээшлүүлэх. Гол зорилтоо биелүүлэхийн тулд хэд хэдэн томоохон арга хэмжээг авч ажиллаж байна. Нэгдүгээрт, гал тэрэгний хөдөлгөөний радио холбооны удирдлагын систем хийгдэж дуусаад тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ арга хэмжээг авснаар нэвтрүүлэх чадвар 20 гаруй хувиар өсөх ёстой. Мөн ачаа, тээврийн цахим программ хангамжийг оруулж байгаа. Тээврийн ажлыг тунгалаг болгох, үйлчлүүлэгчдэд учирдаг чирэгдэл багасах, тээврийн процессыг хөндлөнгөөс хянаж болохоор арга хэмжээнүүд юм.
Хамгийн том арга хэмжээ нь 2030 он хүртэлх хөгжлийнхөө программыг батлуулсан. Гурван үе шаттай. Эхнийх нь энэ жилээс эхэлсэн. Ерөнхийдөө 2020 он гэхэд тээврийн хүчин чадлыг жилд 31,7 сая тоннд хүргэхээр ажиллаж байна. Энэ мэтээр 2030 он хүртэл шат дараатайгаар нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх юм.
-Транзит тээврийг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засагт ч үр өгөөжөө өгөх нь гарцаагүй?
-Дамжин өнгөрөх тээвэр манай улсад их ач холбогдолтой. Хамгийн бага зардлаар их орлого олдог. Өөрөөр хэлбэл, манай тээврийн систем гуравдагч орнуудын эдийн засгийн харилцаанд орж, энэхүү харилцаанаас олох ашиг нь нэмэгддэг. Тийм учраас транзит тээврийг үе үеийн төмөр замчид хөхиүлэн дэмжиж ирсэн. Үүнтэй холбогдуулж “Транзит Монгол” форумыг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эхний хоёр форумын үр дүнгээр манай нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 5 гаруй дахин нэмэгдсэн. Цаашдын техникийн шинэчлэлийн ажилд энэ транзит тээврээс олох орлого маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
-Хамгийн бага зардлаар их орлого олдог гэлээ. Тэгэхээр манай улсаас нэг их хөрөнгө шаардагдаад байдаггүй байх нь?
-Тийм шүү. Манай улсаас нэг их хөрөнгө шаардаад байдаггүй. Вагонд хөрөнгө оруулна гэсэн асуудал байхгүй. Өөрсдийн вагонтой орж ирээд манай нутгаар дамжин өнгөрөөд тээврийнхээ хөлсийг төлөөд явдаг. Транзит тээврийг цаашид эрчимтэй хөгжүүлэхэд манай хөрш Хятадын төмөр замын Эрээн өртөөний хүлээн авах хүчин чадал их чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ асуудлыг хөршүүдтэйгээ нэлээд удаан хугацаатайгаар ярилцаж, тал бүрийн хамтын ажиллагааны хувилбаруудыг сонгож байна. Яг өнөөдрийн байдлаар бидний хэрэгцээг Эрээн өртөөний хүчин чадал хангахгүй байна. Гэхдээ Хятад нөхдийн амлаж байгаагаар хамгийн түрүүнд шийдэх асуудал бол Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх.
-Дараагийн хамгийн гол асуудлыг юу гэж харж байна вэ?
-Дамжин өнгөрөх тээвэр, манай экспортыг хөхиүлэн дэмжүүлэх гол арга хэмжээ нь Хятад, Орос руу гаргах хоёр дахь гарцын асуудал их чухал байна. Өөрөөр хэлбэл, Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам баригдах, төмөр замын боомтыг ашиглалтад оруулах. Ингэж чадвал бидний нийт тээвэрлэх ачааны хэмжээ хоёр дахин нэмэгдэх бололцоо бий. Мөн хилийн гарцууд ачааныхаа төрлөөр төрөлжсөн маягаар гарах. Тухайлбал, Ханги мандалын чиглэлд уул уурхайн бүтээдэхүүн, Эрээний чиглэлээр ердийн ачаа, чингэлэг тээвэр, зорчигч тээврээ үлдээгээд явахад зохион байгуулалт талаас нь харахад зөв арга хэмжээ юм.
-Замын чанарын асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Ер нь УБТЗ-ын замын байдал ганцхан транзит тээвэрт нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Нийт тээвэрт нөлөөлнө шүү дээ. Бидний хувьд замынхаа үндсэн суурь бүтцийг засч сайжруулах зэрэг зам засварын ажилдаа нэлээд анхаарал хандуулж байна. Гэхдээ замын байдал зуун хувь манай аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүнд байгаа. Дээр ярьсан анхан шатны авах арга хэмжээний жагсаалтад нийт гол замаа засч дуусна гэсэн байгаа. Тэгэхээр 2020 оны сүүлээр гэхэд замуудаа засч дуусчихна.