Оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын XII тэмцээн Португалын Гүэмараес хотод болно. Энэ сарын 19-нд эхлэх уг тэмцээнд 20 орны 100 гаруй шатарчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас уг тэмцээнд олон улсын мастер А.Энхтуул, дэд мастер Б.Билэгжаргал, С.Сарантунгалаг, Б.Ану, мөн эрэгтэйчүүдээс Б.Ариунбүүвэй, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар оролцох ажээ. Дээрх шатарчдыг гавъяат дасгалжуулагч, П.Жигжидсүрэн удирдана. Монголын шатарчид одоогоор Хандгайт дахь амралтын баазад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд маргааш эх орноосоо мордох юм. 1994 оны Болгарын Софигоос олон улсын мастер Т.Батцэцэг мөнгөн, 2000 онд Болгарын Варнагаас багаараа хүрэл, 2002 онд Улаанбаатар хотод болсон тэмцээнээс мөн хүрэл, хувийн төрөлд олон улсын мастер Б.Анхчимэг хүрэл, 2008 онд ОХУ-ын Новокузнецкээс хүрэл, 2010 онд Швейцарийн Цюрих хотноо болсон ДАШТ-д багаараа алтан медаль хүртэж, хувийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул аварга болж байсан юм.
Ж.Цэцэгмаа