Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Жигжиднямаа: УБТЗ ХНН нь техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форумыг өнөөдөр Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д зохион байгуулж байна. Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. “Транзит Монгол-2019” олон улсын форумыг нээж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд аа! Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө! Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Транзит Монгол-2019” олон улсын форумын ажиллагаанд оролцогч хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!

Юуны өмнө би товчхон түүх өгүүлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, Бид анхны танилцуулгаа 2009 оны 2 дугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан бол өнөөдөр даруй 10 жилийн хугацаа өнгөрч, 2017 онд дахин Бээжин хотноо, 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэхүү Транзит Монгол үйл ажиллагааг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байлаа. Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хөрш орнуудын үзүүлж байгаа дэмжлэг туслалцаанд талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо 2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 40828 ДФЭ болоод байна. Энэ дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж байна. “УБТЗ” ХНН нь хөгжлийнхөө шинэ эрин үе буюу техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна.

Төмөр замд шинэ шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Жишээ нь, Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах төсөл, Ачаа тээврийн цахим мэдээлэл программ хангамж, УБТЗ-ын 2030 хөтөлбөрийн эхний шатны арга хэмжээ зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Саяхан Замын-Үүдэд баригдсан Бүс нутгийн Логистикийн төвийг УБТЗ ажиллуулахаар болоод байна.

УБТЗ-ыг Бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд 32 сая.тн-д хүргэхээр шамдан ажиллаж байна.

Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө!

Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан томоохон бэлэг болж байна. УБТЗ-ын хамт олон бид үйлчлүүлэгч та бүхэнд итгэлтэй, найдвартай үйлчилгээ үзүүлж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ямагт хамтран ажиллахад бэлэн байна. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байна.

Бид бүгдийн арга хэмжээ үр дүнд хүрч, шинэ амжилтын эхлэл болно гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан