Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн шалгалт зохион байгуулсан байна.
Уг шалгалтыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин хээр багийн “Ханан ам 1, 2”, Сайхандулаан сумын Жаргалант багийн “Хар овоо”, Айраг сумын Нарт багийн “Цагаан дэлийн агуй”, Сайн ус багийн “Аман ус, Бор хоолой”, Даланжаргалан сумын Өнгөт багийн “Цагаан овоо, Улаан толгой, Улаан гуу, Адгийн ар”, Элдэв багийн “Баруун зүүн Бурхант”, Иххэт сумын Бүрдэнэ багийн “Холбоо цагаан, Гурван хайлаас, Авдрант, Алгын шанд”, Иххэт, Алтанширээ сумдын хилийн зааг Иххэт сумын Баян багийн “Хар толгой” хэмээх нэртэй газруудад хийсэн байна. Хяналт шалгалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, өнгөт чулуу, бичил уурхай, алт олборлолт, хууль бус ан амьтан агнах үйл ажиллагааг хянан шалгах, таслан зогсоох, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ төрлийн эрх зүйн мэдлэгийг олгох чиглэлээр ажиллажээ.