Оросын тэрбумтан залуутай сүй тавьснаас хойш нам гүм амьдрах болсон супер модель Наоми Кэмпбелийг Английн “Daily Mail” сонин “эрэн сурвалжилжээ”. Ажлын шаардлагаар хааяа нэг Лондонд бууж мордоод Москвад амьдрах болсон түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Лондоны зүүн хэсэгт орших нэгэн гэрэл зургийн томоохон студид гэрэл зурагчид, стилист, нүүр будагчид, туслах ажилтнууд гээд олон арван хүн Наомиг хүлээж сууна. Тэдний зарим нь хүлээж залхсандаа ууртай харагдана. Зарим нь ч хэзээнээс мэддэг гэмээр тэвчээртэйгээр цаг харан сууна. Миний ажигласнаар хүмүүсийг ингэж хүлээлгэх нь түүний ажлын нэг хэсэг бололтой. Ингэж суутал түүний ирж явааг хэн нэгэн дуулгахад гоо сайханчид будаг шунхаа бэлтгэж хэдхэн хоромын дотор бэлэн боллоо. Энэ бэлтгэл ажлын хажуугаар студийн бүх цонхыг хааж, хөшгийг нь татав. Энэ нь супер моделийн ажлын үеэр заавал тавигддаг шаардлагын нэг аж.
Түүний нүүрэнд нэг ч үрчлээ байхгүй
Наоми ирэх ёстой цагаасаа нэг цаг 40 минут хоцорчээ. Тэр бүхэлдээ хар хувцас өмссөн байв. Студид элдэв янзын маяггүй ердийнхөөрөө орж ирсэн түүнийг харахад л төрөлхийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэдэг нь мэдрэгдэх ажээ. Түүнийг орж ирмэгц үсчин, нүүр будагчид, туслахууд бүчин авч, тус тусынхаа ажилд шуурхайлан орлоо. Нэг нь үсийг нь сэнсдэж байхад нөгөөх нь хумсыг нь янзалж, гурав дахь нь өмсөх хувцсыг нь тохируулна. 15 минутын дараа хувцасны өрөөний хаалга нээгдлээ. Наоми бэлэн болжээ. Тэр инээмсэглэн эргэн тойрноо ажиглав. Ярилцлагаа даруй эхлэх гэж яарсан би түүн рүү хүрч очоод хүсэлтээ хэллээ. Миний эхний асуулт биднийг яагаад удтал хүлээлгэсэн тухай байв. Харин тэр огт санаа зовсон шинжгүй, толгойгоо арагш савж, чанга гэгч нь инээснээ “Миний энэ занд бухимддаг нь ганц чи биш шүү. Заримдаа би өөрөө хүртэл энэ зандаа дургүй хүрдэг юм” гэв. Ингээд бид тухтай ярилцахаар суулаа. Аль хэдийнэ 40 гарсан энэ эмэгтэйтэй мөр зэрэгцэн суухад арьсанд нь ширхэг ч үрчлээ үл харагдана.
ТОЛИНД ХАРАХААС Ч АЙДАГ БАЙСАН
Гэхдээ тэр өөрийгөө төгс гэж биеэ тоодоггүй бололтой. “Би төгс биш шүү дээ. Миний уруул дээр байгаа энэ сорви гэхэд анх загвар өмсч эхэлж байхад л хүмүүс зас, янзал гэж шаарддаг байсан. Гэхдээ одоо хүртэл байж л байна” гэв. Наоми 40 хүрснээ мартсан бололтой. Намайг энэ тухай сануулахад “Бурхан минь, 40 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж төсөөлж ч явсангүй” гэж хэлснээс нь харвал загварын ертөнцөд 20-иод жил хаанчилж байгаа энэ бүсгүй хөгшрөх гэдэг зүйлээс айдаг ч юм шиг. “Өөрийгөө толинд харахаас ч айдаг үе надад байсан. 1998-2005 он юм байна. Тэр үед байгаа байдал минь надад огтхон ч таалагдаггүй байлаа. Гэхдээ үүнийг би өөрчилж чадсан. Юу нь чухал, чухал бус гэдгийг ялгаж салгаж чаддаг болохын тулд бас л чамгүй цаг хугацаа хэрэгтэй байсан” гэж тэр хэллээ.
БИ АЛДАА ГАРГАДАГ ЖИРИЙН Л НЭГ ХҮН
Наомитой уулзсан бол асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Түүнийг би хоёр дахь асуултаараа сонжлоо. Жолоочоо алгадаж, нүүр амыг нь багагүй гэмтээсэн гэдэг ээлжит дуулианаа тариад байсан хүнээс бол бүр ч асуухгүй өнгөрч боломгүй. Тэр бол мэдээж хэцүү аашийнх нь тухай. Уур бухимдлаа хэзээ ч хамаагүй, хэнд ч гэсэн гаргаж орхидог энэ танхай аашийнхаа тухай тэр ингэж ярьсан юм.
“Уур бол надад байдаг ганц дутагдал биш л дээ. Надад байдаг өчнөөн дутагдлын ердөө нэг нь. Би уг нь уур бухимдлаа дарж сурах гэж АА гэдэг хөтөлбөрт хүртэл хамрагдаж үзсэн. Гэвч би чинь алдаа гаргадаг жирийн л нэг хүн шүү дээ. Аймшигтай уурлаж ичмээр байдалд зөндөө орж байсан. Тэглээ гээд би үүгээрээ бахархаагүй. Энэ бүхэн бол зүгээр л миний амьдралд тохиолдсон явдлууд.” Таны олж мэдсэн хариулт дээр бас нэг нэмэх зүйл байна. Наоми үргэлж “за” гээд бөхөлзөж байдаг, долигонож нялцганасан хүмүүст дургүй гэнэ. Тэрээр ийм хүмүүсийг маш аюултай, дотроо бүхнээ нуудаг гэж боддог учраас тэдэнд уураа гаргадаг бололтой. Тэр харин шударга хүмүүст дуртай. Наомиг царайчилж долигонох биш харин үнэнийг нүүрэн дээр нь хэлдэг шулуун үгтэй шударга хүмүүсийг тэр үнэлж хүндэлдэг. Магадгүй тийм ч учраас түүний туслахууд хэт сайн хүн болох гэж мэрийснээсээ болоод Наомигийн уурыг хүргэдэг байж болох юм. Учир нь, түүнд зодуулсан гэж гомдол тавьж, заргалдаж явсан хүмүүс нь бүгд л түүнд үйлчилдэг туслахууд нь байсан шүү дээ.
ТЭР ТОМООЖИХЫГ ХҮСЧ БАЙНА
Наоми одоо “томоожиж”, насанд хүрсэн хүн шиг амьдрахыг хүсч байгаа учир дахин ийм шуугиан гаргахгүйг хичээж байгаа гэсэн. Би түүнээс “Та шинэ Наоми болохыг хүсч байна уу” гэхэд тэрээр “Би нас биед хүрсэн хүн. Одоо өөрийгөө тэгж ядраахыг хүсэхгүй байна. Нам тайван амьдармаар байна. Өчнөөн олон жил шоу үдэшлэгээр амьдарлаа. Одоо хөгширч байна. 20 насанд чухал байсан зүйл 40 насанд огт өөрөөр харагддаг юм байна” гэсэн.
Гэхдээ тэр нам жим амьдарч чадна гэж үү. Тэр бүр долоохон настайдаа Боб Марлигийн “Is This Love” дууны клипэнд тоглож байсан шүү дээ. Харин 15-тайдаа “Elle”-гийн нүүрэнд гарч, түүнээс хоёр жилийн дараа Францын алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан анхны хар арьст модель. Тэр ийм багаасаа алдар хүндийн амтыг үзсэн. Харин энэ бүхнийг 40 насандаа орхиж чадах болов уу.
“АЛТАН ҮЕИЙНХНЭЭС” ҮЛДСЭН СУПЕР МОДЕЛЬ
Наомигийн бага нас загварын карьертай нь хамт дууссан. Тийм ч учраас хүүхэд насны баяр хөөрийг бараг мэдэхгүй. Үүнд эцэггүй өссөн нь ч нөлөөлсөн байх. Тэрээр хоёрхон сартай байхад нь хаяад явсан эцгийнхээ нэрийг хэзээ ч дурсдаггүй, харин түүнийг өсгөх гэж европ даяар хэрэн хэсч, тоглолтоо хийж явсан бүжигчин ээжээ хүндэлдэг.
Наоми бол Кейт Мосс, Линда Эвангелиста, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер гээд 90-ээд оны сайхан бүсгүйчүүдтэй нэгэн үе мөр зэрэгцэн загварын ертөнцөд орж ирээд өнөөдрийг хүртэл гандан буурахгүй яваа ганц модель нь билээ. Түүний үеийнхнээс одоо олны нүдэнд хааяа нэг харагддаг нь Кейт Мосс. Бусад нь бүгдээрээ ээж болоод, одоо Наомигийн мөрөөдөж яваа шиг нам жим амьдарч буй. Загварын “алтан үе” гэж хэлж болох энэ супер модель бүсгүйчүүдтэй өрсөлдөж явахдаа тэр хамгийн содон нь байсан. Тийм ч учраас Жорж Майкл, Майкл Жексон, Мадоннагийн клипийг чимж, Майк Тайсон, Роберт Ди Неро, Адам Клейтон гээд алдартай эрчүүдийг өмнөө сөхрүүлж байв. Харин одоо түүний ханхүү нь Оросын тэрбумтан Владислав Доронин. Энэ орос залуу Наомигийн сэтгэлийг Английг орхитол нь татаж чадсан. “Би Лондонгоос нүүсэн. Одоо энд амьдрахгүй. Би Москвад суурьшсан шүү дээ. Тэнд байх надад их таалагдаж байгаа” гэж тэр ярив. Оросын тэсгим хүйтэн өвөл түүнд их л таалагдаж буй бололтой.
ТЭР ЦАГААН БҮСГҮЙЧҮҮДЭЭС ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨСӨН
Наомид өнөөгийн энэ алдар нэр тийм ч амар олдоогүй. Тэрээр Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгч болсны дараахан ингэж хэлсэн юм. “Америкчууд хар арьстныг Ерөнхийлөгч болгоо л биз. Гэхдээ одоо хүртэл хар арьст эмэгтэйчүүд амжилт олохын тулд, бусадтай эн тэнцүү болох гэж хэнээс ч илүү шаргуу ажиллах хэрэгтэй хэвээрээ л байгаа шүү дээ” гэж байсан юм. Уг нь, Наоми расизм буюу арьсны өнгөөр ялгаварлах гэдэг үгэнд дургүй. Гэвч ийм зүйл одоо хүртэл байсаар байгаа, загварын ертөнц цагаан арьст бүсгүйчүүдийг илүү найр тавин угтдаг хэвээр байгаа учир хааяа энэ үгийг хэлэхээс өөр аргагүй болдог гэнэ.
Гэхдээ хүмүүс загварын ертөнц дэх энэ тэгш бус байдлын тухай ярихаас илүү түүний хүн зодсон тухай сенсаацийг сонирхдог. 2000 онд туслахаа зодсон тэрээр 2003 онд бас нэг туслахаасаа болж шүүхэд дуудагдаж байсан. Жинсэн өмдийг нь олж өгч чадаагүй гээд үйлчлэгчийнхээ нүүр рүү утсаа шидсэн гээд өчүүхэн юм шиг атлаа дэлхий даяар тарьсан сенсаци түүний намтарт олон бий. Гэхдээ энэ дутагдлыг нь шал цэвэрлэх шүүхийн шийтгэл ч засч чадаагүй. 2008 онд Хитроугийн нисэх буудалд тээш нь олдоогүйд уурласандаа цагдаагийн нүүр руу нулимж, өшиглөж танхайрсан түүнд “нийтэд ашиг тустай хөдөлмөр” 200 цаг хийх шийтгэл оноосон билээ. Харин тэрээр гудамж цэвэрлэх гэж ирэхдээ эгээ л загварын тайзнаа алхах гэж байгаа мэт нэртэй дизайнерын ганган хувцсаар гоёж ирж байв.
Гэхдээ түүний адал явдалтай амьдрал өнгөрсөн цаг үед л үлдэж буй бололтой. Учир нь, тэр “Одоо би үдэшлэгт очиж наргиж цэнгэхээ больсон. Үдэшлэг бүрт очихгүй бол өөрийгөө мартагдана гэж боддог байсан ч одоо тийм биш гэдгийг ойлгосон. Одоо би 10 хоног шаргуу ажиллаад, долоо хоног амардаг болсон” гэж ярьсан юм.