Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан.
Тодруулбал, “Ю Би Констракшн” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон хэрэг.
Энэхүү захирамжийн дагуу Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж, гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна гэж байсан юм. Тэгвэл энэхүү хугацаа дуусгавар болж Сүхбаатарын талбайн урдах зогсоолыг албадан буулгаж байна.