Бээжин хот дахь Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг 2008 оны зуны Олимп болон паралимпийн наадамд зориулан бүтээсэн билээ. Хятадын орчин үеийн архитектурын гайхамшиг хэмээгдэж буй цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг “Herzog & de Meuron” архитектурын компанийн Жак Херцог, Пьерре де Мерон, төслийн архитектурыг Стефан Марбак, Хятадын зураач Ай Вэйвэй, Ли Чингганг нар зохиосон юм. Аз сорьсон энэ асар том төсөл эцэс төгсгөлгүй боломжуудыг нээсэн нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран барилгачдын нүдийг булаасан гэдэг. 2004 оны архитектурын дээд амжилтуудыг эвдсэн Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг барихад дэлхийн бетон үйлдвэрлэлийн 54.7 хувь, гангийн үйлдвэрлэл 36.1 хувийг ашигласан тооцоо бий. Архитектураа онцгой болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг. Шувууны үүр цэнгэлдэх хоёр гол байгууламжаас тогтсон бөгөөд үзэгчдийн талбай нь асар том аяга хэлбэртэй бөгөөд ган хүрээгээр шувууны үүр мэт бүрхсэн аж. Архитекторууд эхэндээ дээврийг дахин боловсруулж болох материалаар хийх гэж байсан боловч Шарль Де Голлийн олон улсын нисэх буудлын дээвэр нурсны дараа тэр санаагаа орхисон юм. Цэнгэлдэх хүрээлэн шувууны үүр мэт харагдсан тул ийн нэрлэсэн хэмээн ярьжээ.
БАРСЕЛОНЫ АСАР
Барселоны асарын загварыг Германы уран барилгач Людвиг Мис ван дер Роэ гаргасан юм. Тэрээр 1929 онд Барселонд зохиогдсон Олон улсын үзэсгэлэнд зориулан Германы Үндэсний асар бүтээх зорилготой байсан гэдэг. Асарыг Испанийн хаан Альфонсо XIII болон Германы язгууртнуудыг хүлээн авахад зориулан байгуулсан юм. Асар үнэтэй шил, гантиг, судалт гартаам зэрэг материалаар босгосон энгийн хийцтэй уг асар уран барилга дахь орчин үеийн чиг хандлагын илэрхийлэл болсон юм. Үзэсгэлэнд зориулж барьсан энэ барилга удалгүй өөрөө үзэсгэлэн болсон билээ. Орчин үеийн уран барилгын үзэсгэлэн болж байсан барилгыг 1930 онд нураасан ч Барселон хотын зөвлөлийн хот төлөвлөлтийн газраас уран барилгын хосгүй уг бүтээлийг анхны архитектурын шийдлээр нь 1980 онд сэргээн засварласан байна. Барилгыг хуучин шиг нь болгож сэргээн засварласны дараа 1986 онд нээсэн юм.
БЕРГИСЕЛ
Бергиселийг онцгой болгосон зүйл нь олон нийтийн газар, спорт цогцолборыг хослуулсанд байдаг аж. Бергисел нь асар өндөр гулсуураас гадна алсыг харангаа кофе ууж суух боломж олгодог юм. Бергиселд жуулчдыг 40 метрийн өндөрт гаргах хоёр цахилгаан шат байдаг аж. Инсбрукийг зорьсон жуулчдын дийлэнх нь Бергиселийг үзэхээр очдог.
Бараг 90 метр урт Бергиселийг гүүр, цамхгийн нэгдэл гэж ойлгож болно. Бергиселийн загварыг Лондоны архитектурын Zaha Hadid Architects гаргасан бөгөөд уран барилгачид эргэн тойрны байгалийн үзэмжийг тольдох зорилгоор бүтээжээ.
НИТЕРОЙ КОНТЕМПОРАРИ МУЗЕЙ
Нисдэг таваг шиг хэлбэртэй энэхүү орчин үеийн урлагийн музейн загварыг Оскар Нимейер, барилгын инженер Бруно Контарини нар гаргасан байна. Музейн барилгын өндөр нь 16 метр бөгөөд бөмбөгөр оройн диаметр нь 50 метр аж. Нитерой контемпорари музейг Бразилийн Рио де Жанейро хот дахь Гуанабарагийн булангийн байгалийн үзэсгэлэнг тольдохын тулд хадан дээр байгуулсан юм. 1996 онд баригдсан тус музейн барилга одоо хотын хамгийн гайхалтай газруудын нэг болжээ. Урт олс мэт үүдний хэсэг нь 60 үзэгчийн багтаамжтай үзэсгэлэнгийн танхимд хөтөлдөг. Нитерой музейд Бразилийн контемпорари урлагийн шилдэг бүтээлүүд уран баримал, нэхмэл, уран зураг зэргийг дэлгэн үзүүлдэг болжээ. Гэвч үзвэр нь байнга шинэчлэгддэг гэнэ лээ.
БИЛЬБАО ДАХЬ ГУГГЕНХАЙМ МУЗЕЙ
Америкийн уран барилгач Фрэнк О.Гери энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий чухал архитектурын загварыг гаргасан юм. Музейг зэс, ган, цайр, титан зэрэг материал ашиглан маш ховор хэлбэр дүрстэй бүтээжээ. Фрэнк О.Гери музей гадна талаасаа соёлын болон уран барилгын бүтээлийн хувьд ямар харагдах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан юм. Тиймээс ч тус музей эртний уран барилгын хэв маягийг хадгалсан эргэн тойрны бусад барилгуудаас онцгой ялгарч харагддаг билээ. Музейн барилгын загварыг компьютер дээр 3D программаар гаргасан аж. Учир нь, компьютерийн программын тооцооллын үндсэн дээр боломжгүй гэгдэж байсан хэлбэрүүдийг бий болгосон юм.
ПОРШЕГИЙН МУЗЕЙ
Поршегийн анхны музей 1976 онд баригдсан ч жижигхэн, ердөө 20 үзэсгэлэнгийн танхимтай байсан гэдэг. Гэсэн ч 300 автомашин багтахаар зайтай байжээ. Энэ маягаар тус музей 30 жил болсон ч үзэсгэлэн дэх машины цуглуулгын тоо 400 хүрэхэд шинэ музей барих шаардлагатай болсон байна. 2005 онд Поршегийн шинэ музей барих ажил эхэлсэн бөгөөд дөрвөн жил үргэлжилсэн барилгын ажилд нийт 100 сая евро зарцуулсан гэдэг. Поршегийн шинэ музейг үзэхээр эхний жилд л гэхэд 500 мянган хүн очсон гэдэг. Музейн архитектурыг гаргах тендерт Европын 170 компани өрсөлдсөнөөс эцсийн шатанд Венийн “Delugan Meissel” компани шалгарчээ. Музей гурван асар том багана дээр суурилдаг бөгөөд дизайн нь үнэхээр гайхалтай болсон. Харин музейн дотогш нэвтэрснээр Поршегийн түүхтэй танилцдаг. Музейн хана дагуу автомашинуудыг он цагийн дарааллаар байрлуулсан байдаг. Харин музейн гол танхимд уралдааны болон хосгүй бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг.
ДАЛ МОДНЫ АРАЛ
Дал модны арал нь Персийн булангийн улс болох Арабын нэгдсэн Эмиратын эргээс 12 км-ийн зайд оршдог. Агаараас салаалсан дал мод мэт харагддаг тус арлууд дээр орон сууцнаас гадна зугаа цэнгэлийн газрууд олноороо байдаг аж. Гурван хэсэг арлыг Жумейра, Жебел Али болон Дейра хэмээн нэрлэдэг. Арлын элсийг Персийн булангийн далайн ёроолоос гаргасан гэдэг. Эхний хоёр арлыг л байгуулахад 100 сая куб метр хад чулуу, элс оржээ. Харин гурав дахь арлыг байгуулахад 300 сая тонн элс шаардагджээ.
Жумейра арлыг амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх газрууд болон орон сууцны зориулалтаар 2001 онд барьж эхэлжээ. Энэ арал дээр гайхалтай зочид буудлууд, тансаг орон сууцнууд байдаг. Жебел Али арал бол Дал модны арлын зүрх нь юм. Энэ арал Жумейрагаас хэмжээгээр хоёр дахин том бөгөөд зугаа цэнгэлийн төв. Гэвч тус арал дээр хүүхэд, насанд хүрэгчид гэлтгүй очихыг зөвшөөрдөг. Дейра арал нь бусад арлуудаас хамгийн том нь бөгөөд хоёр давхар орон сууцны 8000 барилгатай хороолол, худалдааны төвүүд, клуб, спорт цогцолборууд байдаг. Дубайн сор болсон архитектурыг дэлхийн найман гайхамшгийн нэгд тооцож буй билээ.
СИДНЕЙН ДУУРИЙН ОРДОН
ХХ зууны хамгийн өвөрмөц хийцтэй барилгуудын тоонд зүй ёсоор ордог энэхүү дуурийн ордон Сидней хотын чимэг болоод зогсохгүй улс орныхоо бахархал нь болсон юм. Сиднейн дуурийн ордны загварыг гаргасан Данийн архитектур Йорн Утзон 2003 онд үүнийхээ төлөө уран барилгын Прицкерын шагналын эзэн болсон билээ. Сиднейн дуурийн ордон нь жилд 1500 концерт, үзвэр тавьж, долоон сая үзэгч хүлээн авдаг дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг юм.
Дэлгэгдэж буй хясаа мэт хэлбэртэй тус дуурийн ордон нь орчин үеийн экспресионизмын гайхалтай бүтээлд тооцогдож байна. Сиднейн дуурийн ордонд Австралийн дуурь, бүжгийн театрууд, Сиднейн театр мөн симфони найрал хөгжим бүтээлээ үзэгчдэд толилуулдаг гэнэ.