Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигатай тэмцэх газар гуравдугаар сард хийсэн ажлаа тайлагнав

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна

МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох харилцааг огт журамлаагүй явж иржээ. Энэ төрлийн төрийн үйлчилгээ нь ийнхүү дүрэм, журмаар зохицуулагдаагүй учраас хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсныг Авлигатай тэмцэх газар таслан зогсоохоор ажиллаж байна. Улмаар тухайн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.

Он гарсаар төрийн 2499 албан тушаалтан “Авлигын эсрэг сургалт”-д хамрагдаад байна

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг “Авлигын эсрэг сургалт”-д хамруулна. Сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, дотоод хяналт, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой нь уялдуулан зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар  энэ оноос сургалтын бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулна.

Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний урьдчилсан мэдүүлгийг цахим системээр хянах туршилт эхэллээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүдийн урьдчилсан мэдүүлгийг цахим системээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.

Мөн ажлын хүрээнд 7 яам, 13 агентлаг, 18 аймгийн Засаг даргын Тамгын газрыг урьдчилсан мэдүүлгийн цахим системд холбох ажлыг хуваарийн дагуу үе шаттайгаар хийж байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2019 оны 3 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 674 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 185 урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах тохиолдол цөөнгүй байна

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2019 оны нэгдүгээр улиралд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 151 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгуулахаар ирж буй өргөдөл, гомдлын талаас илүү хувьд нь ашиг сонирхлын зөрчил тогтоогдохгүй байна. Дээрх байдалд дүн шинжилгээ хийхэд нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах, гүтгэх, эрх бүхий байгууллагаар өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн дүгнэлт гаргуулах гэж оролдох тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, 

  • Батлан хамгаалах яамны хурандаа Н.Очирбат нь “Улсын нисэхийн нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийн албан тушаалд өөрийн найз С.Ганболдыг сонгон шалгаруулалттгүй томилуулсан гэх;
  • Улсын Нэгдүгээр эмнэлгийн чанарын албаны дарга Ц.Цэрэнлхам нь томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй гэх асуудлыг шалгахад ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээлэл хүлээн авч, 61 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) тайлангийн хамрах хугацаанд хянан шийдвэрлэж, өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэн, аж ахуйн нэгжид хариуг хүргүүлсэн. Одоо ажиллагаанд 49 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан