Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС-ийн төлөөлөгчид ТЕГ-т ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудыг тодруулна

Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас Олон Улсын Вальютын Сан (ОУВС)-тай хамтран хэрэгжүүлж буй “Татвар төлөгчдийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд ОУВС-ийн ахлах эдийн засагч Жонн Брондолло тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр ТЕГ-ын удирдлагуудтай уулзалт хийв. 

Уулзалтын эхэнд Монгол Улсын татварын тогтолцоонд хийж буй шинэчлэлийн ажлын явцын талаар Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал товч танилцуулав. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сарын 18-нд нээлтээ хийх УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх тов гарсан, хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулж нийтээр хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа, 2019 онд татварын албаны үйл ажиллагааг татвар төлөгчийн том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд суурилсан байдлаар зохион байгуулах, Татварын Удирдлагын Нэгдсэн Систем (ТУНС)-ийн татвар төлөгчийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлийн 5 модулийг ажиллуулж эхэлсэн, шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг олон сорилтын хүрээнд татварын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлэв.

Харин ОУВС-ийн ахлах эдийн засагч Жон Брондолло энэ удаагийн томилолтын зорилго, ажиллах чиглэлээ танилцуулав. Мөн тэрбээр Татварын албанаас хэрэгжүүлэх шинэчлэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд шаардлагатай чиглэлээр богино хугацааны зөвлөхүүдийг ойрын хугацаанд ажиллуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов. Мөн ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр “ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0 хувиас 7 хувь болтлоо өссөн, төсвийн алдагдал 17 хувиас буурч ашигтай гарсан зэрэг эерэг дүр зураг гарч байна. Үүнд Монголын татварын алба орлого төвлөрүүлэх ажлаа амжилтай биелүүлж өөрийн хувь нэмрийг оруулж байгаа гэж харж байна” хэмээгээд ТЕГ-ын удирдлагад амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв. 

ОУВС-ийн төлөөлөгчид энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд ТЕГ дээр ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудыг тодруулах болон ирэх зургадугаар сард ажиллах ОУВС-ийн Үнэлгээний багийн ажлын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллана. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан