Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогт хоёр жилийн өмнө ахлагчдаа дэглүүлснээс болоод хөлийн есөн хуруугаа тайруулж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж үлдсэн билээ.
Ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд туслах хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ санаачлан эхлүүлсэн бөгөөд аян амжилттай өрнөж дууссан. Аяныг өрнүүлэх гол зорилго нь Ж.Баярцогтыг орох оронтой болон ажилтай болгохоор ийнхүү сэтгэл шулуудан монгол түмнийхээ дунд хандивын аян өрнүүлсэн.
Хандивын аяны төгсөлд Ж.Баярцогтын дансанд 51.5 сая сая төгрөг цугларсан аж. Тэгвэл өчигдөр орой тус аяныг санаачлагчид түүнд "Саруул тэнгэр" хотхонд байрлах хоёр өрөө байрыг ордер, түлхүүрийнх нь хамт хүлээлгэн өгчээ.
Ийнхүү орох оронтой болсон Ж.Баярцогт ажилд орж, эхнэр нь гурван сарын дараа мэргэжлээрээ ажиллахаар болжээ.
Дуучин Э.Энх-Эрдэнэ “Халуун сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Энэхүү хандивын аянд нийт 51.5 сая төгрөг цугларч, хоёр дүү маань хоёул ажилтай орлоготой боллоо. Мөн Ж.Баярцогтынхоо охинд хоёр сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн нийт монголчуудаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.