БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл"-ийн шав тавих ёслол өнөөдөр болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган БХБЯ хариуцаж ажиллаж байгаа юм. Энэхүү томоохон төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлж байгаа бөгөөд төслийн нийт өртөг 267 сая ам.доллар.
Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байх аж. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 гаруй хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа юм. Цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна. Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулжээ.