Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг сэргэж байгаа ч баярлах болоогүй

Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн гурван жилд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсан хэмээн өөрсдийн ажлаа дүгнэж байна. Ингээд албаны хүмүүсийн тайлбарыг хүргэе.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

-2016 он бол эдийн засгийн уналтын доод цэг байлаа. Үүнээс хойш эдийн засаг аажмаар сэргэж өнгөрсөн онд 6.6 хувийн өсөлттэй гарсан. Мөн ажилгүйдлийн түвшин  11 хувьд хүрсэн ч  өнөөдөр 6.7 хувьтай болж буурсан. Өрхийн бодит орлого буурч байсан бол одоо 7.4 хувиар өслөө. Гурван жилийн өмнө эдийн засаг руу зээл гарч чадахгүйд хүрсэн. Тэгээд бараа солилцоо буюу бэлэн бус төлбөр тооцоо газар авсан байсан. Тэгвэл өнөөдөр зээл хэвийн гарч эхэлсэн. Бодит зээлийн өсөлтийг тооцож үзвэл 23.9 хувиар нэмэгдсэн байгаа юм. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 3.8 их наяд төгрөг болно. Бодлогын хүү 2016 оны арванхоёрдугаар сараас шат дараатай буурч ирсэн. Нөгөө талаас гадаад таатай орчин эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Инфляци улсын хэмжээнд 7.3, Улаанбаатарт 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн өсөлт ажиглагдаж байгаа. Тухайлбал, мах, түлш, шатахууны үнэ инфляцийн дөрвөн хувь буюу талыг нь бүрдүүлэх боллоо. Эдийн засгийн сэргэлт өндөр байгаа учраас бодлогын хүүг бууруулах шаардлага маш бага. Эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай байгаа нь өндөр тоо. Үүнийг хадгалах нь бодлогын маш том зорилт.

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалт хүрээлэнгийн захирал, С.Дэмбэрэл:

 -Эдийн засгийн өсөлтөө хүртээмжтэй, тогтвортой болгох талаар анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед тоон өсөлтөд  анхаараад байна. Төрийн сайн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мэтгэлцээн явуулах хэрэгтэй. Өсөлт айл бүр, аж ахуйн нэгжийн хаалгаар орж байна уу гэдгийг анхаарах учиртай. Төр ба зах зээлийн харьцаанд реформ хийх цаг нь болсон байна. Бид уухайн түрлэг их хийж байна. Түүхий эдийн үнэ өсөхөөр уухайлаад, буурахаар нь санаа алдаад. Бид уухайлах биш нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Үүнд Засгийн газрын оролцоо маш чухал. Гэтэл валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар ямар ч ажил  хийхгүй байна. Тэр байтугай зарим сайд нь “манайд хамаагүй асуудал” гэж хэлснийг гайхсан. Нүүрс, зэс, түүхий нефтийн асуудалд ил тод байдал алга. Тиймээс 2018 онд эдийн засаг сэргэлээ гэдэг арай эртэдсэн дүгнэлт юм.

Ингээд эдийн засагт ямар ямар өөрчлөлт гарсныг валютын ханш, инфляциар жишээ татан харуулая. Учир нь эдгээр үзүүлэлт нь иргэдийн халаас, түрийвчтэй шууд холбоотой юм.

Гадаад валютын нөөц

-Монгол Улс сүүлийн арав гаруй жил урсгал дансны алдагдалтай явж ирсэн. Хэдийгээр эдийн засаг сэргэж, манай улсын худалдааны данс ашигтай гарч байгаа ч  орлогын, үйлчилгээний данс алдагдалтай байгаа юм. Энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид гол нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл ам.доллар өсч байгаа билээ. Иймд урсгал дансны алдагдалыг багасгахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх, импорт, тээврийн зардлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, Монголбанк ажиллах шаардлагатай хэмээн эдийн засагчид хэлж байгаа юм.

Монголбанкны зүгээс дотоодын валютын захад ханшийн савалгаа үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч интервенц хийдэг. Тэгвэл өнгөрсөн онд валютын захад  420 орчим сая ам.доллар нийлүүлсэн байна. Гэвч төгрөгийн ханш уналтыг тогтоон барьж чадаагүй.

Тухайлбал, өнгөрсөн онд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларсан тооцоо бий. Үүнд гадаад дотоодын олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Харин төв банкны зүгээс “Ам.долларын ханш  чангарсан явдал зөвхөн манай улсад ажиглагдаагүй. Жишээ нь өнгөрсөн онд Канад доллар 8.9, Австрали доллар 8.5, Казахстаны тенге   15 хувиар ам.долларын эсрэг суларсан. Тэгэхээр зөвхөн Монгол Улсын мөнгөн тэмдэгт л ам.долларын эсрэг суларсан үйл явц биш. Үүний гол шалтгаан нь олон улсын зах зээл дээр ам.долларын суурь хүү өссөн явдал. Ингээд хөгжингүй орнуудаас хөрөнгө оруулалт гадагшлах үйлдэл ажиглагдсан” хэмээн тайлбарлаж буй юм.

Тэгвэл энэ онд яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Төв банкны төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаатай олон улсын байгууллагын эдийн засагчид, судлаачид үүнд дараах тайлбарыг өгч байна. Монголбанк валютын нөөц нэмэгдүүлэхийн тулд алтны худалдан авалтыг сайжруулах зорилт өнгөрсөн онд тавьсан. Үүний үр дүнд гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улсын валютын нөөцийн 90 орчим хувь нь экспортоос бүрддэг. Тэр дундаа нүүрс, зэс, алт гол эх үүсвэр нь болдог билээ. Тэгвэл он гарснаас хойш  дэлхийн зах зээлд нүүрс, зэс, жонш, алт гээд манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ өсч байгаа. Энэ нь манай улсад эдийн засгаа тогтвортой барих гол завшаан болно.

Жишээ нь зэс долоо, алт гурав, цайрын үнэ найман хувиар өсөөд байгаа юм. Мөн нүүрсний үнэ л гэхэд 13 хувиар өсөөд байна. Энэ нь валютын орлого, ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас энэ онд хийх өр төлбөрийн хэмжээ буурсан. Тухайлбал, өнгөрсөн онд Засгийн газар, төв банкнаас нэг тэрбум орчим ам.долларын зээлийн үйлчилгээний төлбөр хийсэн. Харин энэ онд 400 орчим сая ам.долларын зээлийн үйлчилгээний төлбөр төлөх учиртай.  Эндээс харвал  валютын эрэлт буурна гэсэн хүлээлт байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт бас өндөр хэвээр хадгалагдах боломжтой гэдэг. Бас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 800 орчим сая ам.доллар орж ирэх ёстой. Эдгээр тоо баримт нь  манай улсын төлбөрийн тэнцэл энэ онд  400-500 орчим сая ам.долларын ашигтай гарна гэсэн хүлээлт үүсгэж байгаа юм. Энэ хэрээр төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дарамт буурна гэсэн үг.  

Инфляци

-Инфляци улсын хэмжээн 7.3, Улаанбаатарт 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн өсөлт ажиглагдаж байгаа. Тухайлбал, мах, түлш, шатахууны үнэ инфляцийн дөрвөн хувь буюу талыг нь бүрдүүлэх боллоо. Эдийн засгийн сэргэлт өндөр байгаа учраас бодлогын хүүг бууруулах шаардлага маш бага. Эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай байгаа нь өндөр тоо. Үүнийг хадгалах нь бодлогын маш том зорилт хэмээн төв банкнаас мэдээлсэн. Гурван жилийн өмнө манай улсын эдийн засаг 1.4 хувиар агшиж сав л хийвэл өсчихдөг бараа бүтээгдэхүүний үнэ 0.8 хувиар суларч дифляцтай нүүр тулсан билээ. Ингээд худалдан авалт буурч олон аж ахуйн нэгж хаалгаа хаасан удаатай. Монголбанкны зүгээс Мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэж байна. Ингээд 2020 оноос Монголбанк инфляцийн зорилтыг 6 хувь болгон бууруулна”  хэмээн мэдээлсэн. Гэвч энэ оны төсөв хэт тэлж сонгуулийн амлалт, нэр төр хайсан хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Энэ нь инфляцийг Монголбанк найман хувьдаа барьж чадахгүйд хүргэнэ хэмээн эдийн засагчид хэлж байгаа. Тэрч бүү хэл хоёр оронтой тоонд буюу 11 хувьд хүрч магадгүй гэсэн төсөөлөл ч хийгээд байна. Учир нь төсвийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөргөж эдийн засгийг халаана хэмээн тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр монголчууд бид энэ онд бүсээ чангалж байгаад хэдэн төгрөгөө гамтай, нарийн тооцоотой зарцуулах шаардлагатай тулгарах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан