Шинээр томилогдсон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан сар шинийн босгон дээр анхны шуурхай хуралдаанаа хийж энэ хавар эхлэх Дархан болон Налайхын автозам шинэчлэл болон Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 125 км замыг барихад анхаарч, санхүүгийн үүсвэрийг бүрдүүлэх талаар судлах үүрэг өгөв.
Хуралдаан дээр Завхан аймгийн төвд нисэх онгоц буух хатуу хачилттай талбай барих талаар “Хурдны зам” компанитай тохиролцож ирэх зургадугаар сарын 15 гэхэд онгоцны нислэгийн замыг бүрэн дуусгахаар хэлэлцэн тохиролцсон талаар мэдээлэв.
Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу зорчих тээврийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан орон нутгийн зорчигч тээврийг нэмэгдүүлэн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцуулж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Ялангуяа Завхан, Увс, Хөвсгөл зэрэг аймагт хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийн аюулгүй байдал дээр онцгойлон ажиллаж байна. Сар шинийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлээс гарах Баруун турууны төлбөр авах цэгийг түр шилжүүлж, 61-ын гармаар 3 цэгээр нэвтрүүлж буй аж. Мөн Дархан, Шарын гол чиглэлд рэйлбусыг хоёрдугаар сарын 10 хүртэл явуулахаар болсныг мэдээлсэн.
АТҮТ-өөс өнгөрсөн хугацаанд гар утасны апплейкейшн ашиглан билет худалдах боломжийг бүрдүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХHН-тэй хамтарсан тушаал гаргаж авто тээврээр зорчигч тухайн билетээрээ үргэлжлүүлэн галт тэргээр зорчих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Хуралдаан дээр ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг ирэх долдугаар сард ашиглалтанд оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосонтой холбоотойгоор асуудлыг дор бүр нь шийдэж ажиллахыг, мөн “МИАТ”компани БНХАУ руу нээж буй Гуанжу, Шанхай чиглэлийн нислэгүүдийн үр дүн ямар байх талаар судалгаа дүгнэлтийг хийжнарийвчлан танилцуулахыг үүрэгдлээ.
Тэрээр авто тээвэрт бүрэн бус техник зорчиж байгаагаас хүний амь нас эрсдэх аюултай тул энэ тал дээр сайн хянаж, сахилга хариуцлагыг чанд сахихыг онцгойлон үүрэгдэж хээрийн кемп байгуулж ажиллахад анхаарахыг сануулав. Мөн өндөр тоннын тээврийн хэрэгслийн парктай байх ёстойг хэллээ. Цаашид Гашуунсухайт боомт дээр 140 км урт цуваа, дараалал үүсгэхгүй байх талаар БНХАУ-ын талтай харилцан тохиролцож тооцоо судалгаа хийх ёстой гэв.
ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Он гарснаар сайдын шуурхай хуралдаанаар нийт есөн үүрэг даалгавар өгснөөс долоо нь 100 хувийн биелэлттэй, хоёр нь 70 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оноос 13 үүрэг он дамжин хийж байгааг яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр танилцуулсан юм.