Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
“Монголчуудын хамгийн их хүндэтгэлтэй баяруудын нэг нь Цагаан сар. Монголчуудын уламжлал, ёс заншил, тусгаар тогтнолыг илтгэсэн сайхан баяр. Орчлон ертөнцийн хөдөлгөөн, одон гарагийн хоорондын харилцаа холбоо, хүмүүс сав шимийн ертөнцийн хоорондын шүтэн барилдлагын холбоон дээр үндэслэж тэр жилийнхээ зурхайгаа зурдаг уламжлалтай. Энэ жилийн зурлагад хэд хэдэн зүйлийг анхааруулсан байна. Хүн талаас нь аваад үзэх юм бол ахмадуудад ээлтэй жил болох нь. Залуучуудад дунд хэмжээнд, гэхдээ сайн талруугаа байна. Нялхаст жаахан тааруухан гарсан. Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байгаа. Нэг талаар жаахан хүүхдүүдийг хэлдэг. Нөгөө талаар бодлогогүй, бүх зүйлийг өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайдаг хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр энэ жил өөрийн бодолтой байж, үнэн зөвийг ялгаж салгаж чадвал тэдэнд сайн жил болох байх гэж бодсон.
Цаг агаарын хувьд энэ жил ус, хур ихтэй гэх боловч мөндөрөөс болгоомжтой байхад гэмгүй. Тэр дундаа малчид маань анхаарах хэрэгтэй. Засаг төрийн хувьд дээд талаараа жаахан хямралтай гэж гарсан. Хямрал гэдэг нь эв зохицол алдах тал руугаа юм шүү. Ийм зүйл болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эвлэрэл, зохицолтой байж, бие биетэйгээ найрсагаар үнэн зөвөө олж байх хэрэгтэй юм болов уу. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд ёс зүй гэдэг асуудал манай нийгэмд гарцаагүй хэрэгтэй болсон. Ёс зүйтэй байхгүй л бол энэ нийгэм урагшаа явахгүй. Хоорондоо ярилцахдаа ховоор биш ёс зүй болоод хуулиар ярих юм бол нийгмийн дунд бужигнаан тарихгүй.
Урвуулагч хэмээх шороон гахай жил гэхээр урваж, шарвах юм уу гэж хүмүүс ойлгоод байгаа. Энэ бол тийм биш шүү. Зүгээр ёгт нэр байгаа юм. Муу муухайгаа сайн сайхан болгоно гэж урвуулж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн зурлага ийм л байна. Нийтээр нь аваад үзэх юм бол ерөнхийдөө сайн.
Гэхдээ зурхай яаж зурагдлаа ч гэсэн бурханы шашинд үйлийн үр гэж ярьдаг. Бид урд он жилүүдэд, өнгөрсөн үедээ ямар сайн сайхан зүйл, ямар муу муухай зүйл хийсэн түүнийхээ л үрийг амсдаг шүү дээ.