Нэгдүгээр сард хүүхдийн мөнгө авдаг зарим хүүхдийн мөнгө орохгүй байна гэх гомдол их байгаа. Ээжүүд харъя халамжийн байгууллагаасаа хүүхдийн мөнгө авч хүүхдийн мөнгө ямар шалтгаанаар орохгүй байгааг тодруулахад “санхүүжилт дууссан. Дөрөвдүгээр сард нөхөж олгоно” гэх хариу өгчээ.
Тэгвэл энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тодруулахад “Манайх нэг сард 912 мянган хүүхдэд буюу нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. Санхүүжилт ч сард 912 мянган хүүхдэд олгохоор орж ирж байгаа. Сүүлийн үед амьжиргааны үнэлгээгээ дахин хийлгэх хүсэлт иргэдээс маш их ирж байгаа. Үүнээс шалтгаалаад хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд 912 мянгаас бага зэрэг давж байна. Тэгэхээр санхүүжилттэй холбоотой ч асуудал бий. Өмнөх үнэлгээ буруу хийгдсэн бол тухайн айл хүүхдийн мөнгө авах ёстой 80 хувийн босгонд хүрсэн гэсэн үнэлгээ авч хүүхдийн мөнгө авах тохиолдол ч байна. Зарим хүүхдийн мөнгө орохгүй байгаа нь дахин үнэлгээ хийж байгаатай холбоотой. Дахин үнэлгээ хийгээд амьжиргааны төвшин 80 хувиас дээш байвал хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Түүнээс хэвийн журмаар олгогдож байсан хүүхдийн мөнгийг олгохгүй байна гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.
Мөн 2016 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгох шийдвэр гарсан бөгөөд үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэж байсан билээ. Тэгвэл энэ шийдвэр цуцлагдаж, хүүхдийн мөнгө нөхөж олгохгүй байхаар болжээ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй байх журам гаргасан байсан.