Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С, Б, Н, Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, бууны сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдож байсан. Аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригт Хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай тус ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач нь 19 настай А гэгч бөгөөд 2018 оны II ээлжийн цэрэг татлагаар тус ангид татагдан ирсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ зодуулсны улмаас нас барсан хэмээн үзэж байгаа аж. Талийгаач А нь өнгөрөгч мягмар гаригт өглөөний гүйлтэн дээрээ бие нь гэнэт муудаж амьсгал хураасан байна. ЗХЖШ-аас энэхүү хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн энэхүү хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулсан гэсэн мэдээлэл бий юм.