Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигын хэрэгт холбогдуулан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас байцааж саатуулсан байна. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийжээ.
Д.Дорлигжав “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын хоорондох дөрвөн сая ам.долларын тооцооны зангилааг тайлах цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан юм.
Дөрвөн сая ам.долларын зарлага гүйлгээг “Голомт” банкаар хийсэн байдаг бөгөөд энэ талаар тэрбээр “Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн байна.