Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдог байна. Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө.
Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгсэлээр дамжин халдвар тархдаг байна. Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бордооны хэсэгт Гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Дээрх хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд НМХГ болон дүүрэг МХХ-ийн удирдлага, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байгаа аж.
Одоогоор Булган, Дундговь, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.