Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгтэй холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Монгол маамуу” цэцэрлэг нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Харин өнөөдөр НМХГ Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, хяналт шалгалт хийжээ.