Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулан өглөө.
Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.
Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД - 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105 хувь, ХУНЭ 108.8 хувь, Налайх ЭМТ 64 хувь, СБНЭ 55.2 хувь, СХНЭ 50.3 хувь, Багануур ЭМТ 47.6 хувь, БГЭМТ 24 хувиар тус тус нэмэгдсэн. Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.
Хүн ам ихтэй дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.