Энэ жил нийслэлийн зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөөд байгаа тухай албаныхан мэдээллээ.
Тухайлбал, 3-4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн арын 22, 22А байрын урдах зам, Баянгол дүүргийн 13,14-р хорооны "Өргөө”-гийн гудамжны зам, Драгон төв, нэгдүгээр хорооллын арын Өнөр хороололтой холбосон замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж, саналаа тусгаад байгаа аж.
Мөн дунд, бага ангийн сурагчдыг сургуульд нь хүргэж өгөх асуудал замын түгжрэлийн томоохон эх үүсвэр болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар зөөвөрлөх асуудлыг Тээврийн цагдаагийн алба хэрэгжүүлэхээр судалж эхэлжээ.
Судалгаагаар хувийн хэвшлийн сурагчид нэгдсэн автобусаар хүүхдийг зөөж болдог хэдий ч улсын сургуулиуд энэ талыг огт хэрэгжүүлэх сонирхолгүй байна. Улсын сургуулиудад хэрэгжүүлэхийн тулд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн тээврийн газартай хамтран, тодорхой цагийн хуваарь, маршрутын дагуу явдаг автобусыг гаргах тухай мөн хэлэлцэж байгаа аж.