Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн алдагдал буураагүй нөхцөлд зээлийн хүү буурах боломжгүй

Б.Тэлмэн

Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2641 төгрөгтэй тэнцлээ. Валютын ханшийн огцом өсөлтийг тогтоох барих гэж энэ он гарсаар тэрбум гаруй ам.доллар Монголбанк зах зээлд нийлүүлсэн байна. Гол зорилго нь төгрөгийн ханшийн уналтыг сааруулахад чиглэсэн юм. Хэдий тийм боловч ам.долларын ханшийн гэнэтийн хөдөлгөөнийг тэрбум ам.доллараар намжаасан ч өсөлтийг зогсоож дийлсэнгүй. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарах үзэгдэл гаарснаар манай улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гадаадын өрийн хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд үлэмж нэмэгдэж байна.

Өр нэмэгдэх хэрээр эдийн засгийн боломж хумигдаж, хувийн хэвшил ачааны хүндийг үүрдэг. Энэ түүх ахин давтагдаж байна. Өр нэмэгдэхтэй зэрэгцээд төсвийн алдагдал 2019 онд талийж өглөө. Алдагдал бол өр. Тодруулбал, ирэх жилийн төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарснаар энэ нь ДНБ-ий 5.4 хувьтай тэнцлээ. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр ч заалтыг УИХ зөрчиж орхисон. Засгийн газрын хууль зөрчсөн төсвийн төслийг парламент баталгаажуулж өгснөөр өөрсдөө баталсан хуулиа зөрчдөг гэдгээ дахин энэ удаа баталж харуулсан юм.  Төсвийн алдагдал жилээс жилд даамжирсаар, эдийн засгаа өнөөдөр татаж унагах хэмжээнд тулж байна.

Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд төгрөгт хүрсэн. Тийм атал сүүлийн гурван жилийн нийлбэрээр долоон их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан УИХ, Засгийн газар “хам хэрэгтэн” болж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчсөн дээрх тохиолдол зөвхөн энэ удаагийн засаг, парламентад хамаарахгүй. Өмнөхүүд төсвийн алдагдлыг байж болох хэмжээгээр нь тэлж, үүний уршгаар төв банкны мөнгөний бодлогын хүүгийн орон зай хумигдаж, бодлогын хүү удаа дараа нэмэгдсэн. Төсвийн алдагдал их наядаар тогтохгүй тэлэх тусам мөнгөний бодлогоор дамжуулан зээлийн хүүг бууруулах боломж гарцгүй болж байна.

2019 оны төсөв тэлж, алдагдал нь 1.9 их наядыг давсан тул төв банкны мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ өнгөрсөн сард нэг хувиар нэмэгдүүлж, 11 хувь болгочихлоо. Бодлогын хүү нэг хувиар нэмэгдүүлэх болсноор зээлийн хүү дунджаар 0.3 нэгжээр өсөх хүчин зүйл болдог байна. Хэрэв төсөв алдагдалгүй, зарлагыг илүү бодитой төсөвлөж чадвал зээлийн хүү буурах нэг нөхцөл бүрдэхээр байгаа юм. Харамсалтай нь сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар 2019 оны төсвийг УИХ “хөөс”-тэй баталж, зээлийн хүү буурах боломжийг Засгийн газар буцаагаад хаачихлаа.

Зээлийн хүүг бууруулах Монголбанкны санаачилга 2019 оны төсвийн төслөөс болоод хана мөргөж байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.4 хувьд хүрч, хэмжээ нь 1.9 их наяд байгаа нөхцөлд зээлийн хүү буурах боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Улсын төсөв өнгөрсөн жил 0.98, 2016 онд 2.6, 2015 онд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Алдагдалтай төсвийн уршиг инфляцын хүлээлтийг эвдэж, эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж буй. Ингэснээр инфляцын дарамт бий болсноор зээлийн хүү буурах боломжийг үндсэндээ хааж байгаа юм.

 

Банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө өнөөдөр зээлийн хүүгээ бууруулах, зардлаа багасгах талаар бүхий л арга хэмжээг авч, технологийн шинэчлэл рүү хөл тавьж байна. Харин төр засаг маань зардлаа хэмнэх бус улам хавтгайруулж, өр, зээлийн дарамтаа нэмэх боллоо. Ийм нөхцөлд зээлийн хүүг бууруулах үндэсний хэмжээний стратеги байгаад ч төсвийн алдагдал их наядаар яригдаж байгаа үед буурах үнэндээ боломжгүй юм. Тэгэхээр УИХ-ын гишүүдээс алдагдалгүй төсөв батлахыг иргэд шаардах, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд Засгийн газар бодитой алхам хийх л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан