АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал хийдэг байгаа. Өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээллээ.
Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.
Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар 2 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүлжээ. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 664 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэв.
АТГ нэг жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллаж байгаа гэсэн юм.
Тус газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагааг 2019 оноос эхлэн иргэдийн хяналтын оролцоотойгоор хянан шалгах аж. Үүнийг ирэх оны гол зорилтуудын нэг болгон тавьж буй юм байна. Ингэснээр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хянах ажил илүү өргөн хүрээнд, улам далайцтай, нэгдмэл цогц хэлбэрээр хийгдэх болно. Мөн хууль бусаар олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудалд тавих хяналтыг сайжруулж, цахим системийн бүртгэл, хяналт, мэдээлэл лавлагааг зарим төрийн байгууллагаас онлайнаар авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.